“Хөгжлийн банкны” гэх том “мод”-ноос салаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан Ё.Гэрэлчулуун, “Төрийн орон сууцын корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн захирал асан Д.Жаргалсайхан зэрэг 11 хүний холбогдсон хэрэг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, 2019 оны арваннэгдүгээр сард прокурорууд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил өнгөрлөө. Шүүхэд шилжүүлснээс хойш шийдвэрлэлгүй удаж, дээд амжилт тогтоож буй энэ хэргийг шүүх ч шийдвэрлэх сонирхолгүй, шүүгдэгч 11 хүн, тэдний өмгөөлөгч нар дэлхий нийтийг хамарсан цар тахлыг далимдуулан элдэв аргаар хойшлуулсаар өнөөг хүргэв. Гурван жил гэдэг бол шүүх хэргийг аль хэдийн хэлэлцээд гэм буруутай, эсэхийг нь дэнсэлчихмээр хугацаа. Харин Э.Бат- Үүл тэргүүтэй 11 шүүгдэгчийн гэм буруутай, эсэхийг шүүх яагаад шуурхай шийдвэрлэх хүсэл сонирхолгүй хойшлуулсаар байдаг юм бол оо. Магадгүй шүүгч нарын үзэмж ч үүнд нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Шүүх бушуухан шийдвэрлэх сонирхолтой хэргийн хурлыг холбогдогчдынх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж байгаад ч болов хийчихдэг жишээ олон.
Харамсалтай нь, өгүүлэн буй хэргийн тухайд ямар ч тийм арга хэмжээ авсангүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, тэр дундаа энэ хэргийг хянан шийдвэрлэж, илтгэн танилцуулахаар уншсан шүүгч нь эс үйлдлээрээ шүүгдэгч 11 хүнд давуу байдал олгож хэргийг хэлэлцэхгүй хойшлуулсаар гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас мултлах боломж бүрдүүлсэн гэх хардлага нэлээд олон хуульч, эрхзүйчдийн дунд байна. Уг нь шүүх энэ мэт олны анхаарал татсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шуурхай шийдэж, гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсээр Монголын төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлбэл шударга ёсонд ч нийцнэ. Шүүхийн шинэчлэлд нь ч нэмэртэй, олон улсад унаад буй авлигын индекст ч таатай нөлөө үзүүлэх учиртай сан. Гэтэл шүүхийнхэн, шүүгч нар 2019 оны 11, 12 дугаар сараас хойш хэргийг хэлэлцэхгүй, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байх хооронд буюу энэ оны зургадугаар сарын 24-нд Э.Бат-Үүл тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаныг эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө шүүхээр тэдний гэм буруутай, эсэхийг хэлэлцээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь тодорхой болов. Э.Бат-Үүл, Б.Чулуудай, А.Гантулга нарын үйлдлийг нь хэвлэлээр дутуу хагас мэдээлж буй болохоос бусад хүн нь ямар үндэслэлээр буруутгагдаж буйг уншигчид төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс энэ хүмүүсийн холбогдсон үйлдлийг дэлгэрүүлэн хүргэе.
1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ УДИРДСАН ГЭЖ БУРУУТГАЖЭЭ
Нийслэлийн Засаг даргаар 2012-2016 оны хооронд ажилласан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгасан билээ. Б.Чулуудай “Гранд лайн” компаниа гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулсан байдаг. Уг компанийг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгчээр шалгаруулж, хүүхдэдээ давуу байдал олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж прокурорууд дүгнэсэн билээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга барих эрхгүй, туршлага ч үгүй, техник хэрэгсэл, боловсон хүчин ч байхгүй “Гранд лайн” компанийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан юм. Ингэхдээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Л.Нарантуяа, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга асан Ш.Ганхуяг нартай хамтран Б.Чулуудайгийн компанид давуу байдал олгосон гэж буруутгаж буй. Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа Ш.Ганхуяг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар луу “Гранд лайн” ХХК-тай шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлснээр хотын даргынхаа хүүд давуу байдал олгосон аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Амгалан орчимд хэрэгжүүлэх “ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-ийн түншлэл шалгарсан байхад уг түншлэлийг бус, “Гранд лайн”-ыг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны тавдугаар сарын 29-нд баталжээ. Гэвч “Гранд лайн” нь төсөл хэрэгжүүлэх хугацаандаа орон сууцын нэг ч барилга бариагүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд шууд гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай, 11 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй гэрээг “Гранд лайн” ХХК-тай байгуулахад нь Э.Бат-Үүл нөлөөлсөн гэж бу руутгаж буй. Түүгээр ч зогсохгүй ДБИШС-07/2013 дугаартай гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт барих дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай, 347.8 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг шууд байгуулахад нөлөөлсөн гэнэ. Ингэснээрээ “Гранд лайн”-ынхан хоёр гэрээгээр нэг ажил гүйцэтгэхээр болж, төсвөөс хоёр гэрээнийхээ мөнгийг авчихсан гэсэн үг.
Эдгээрээс гадна 2014 оны арванхоёрдугаар сарын 5-нд дулааны 2ф-500мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай, 980 саяын өртөгтэй гэрээг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Гранд лайн”-тай байгуулахад ч тухайн үеийн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нөлөөлж нийт нэг тэрбум 327 сая 800 мянган төгрөгийн хохирол учруулсан хэргийг удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулж, гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байдаг.
УИХ-ААС ИЛҮҮ ЭРХ ХОТЫН ДАРГА ЭДЭЛСЭН ҮҮ
Түүнчлэн УИХ-аас илүү эрх эдлэн ТОСК-д их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1-т “УИХ төрийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй”, 8.1.4-ийн “Төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” заалт, мөн хуулийн 30.1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү УИХ шийдвэрлэнэ”, 30.3-ын “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэснийг зөрчсөн хэмээн мөрдөгчид тогтоосон юм билээ. Ингэж УИХ-аас илүү эрх эдэлж, 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд А/927 дугаартай захирамж гарган ТОСК ТӨҮГ буюу төрийн өмчлөлийн “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцаас нийт 648.48 ам метр талбайтай, 830 сая төгрөгийн үнэлгээтэй 16 орон сууцыг бусдад давуу байдал бий болгон үнэ төлбөргүй олгосон. 2016 оны зургадугаар сарын 24-нд А/533 дугаартай захирамж гарган ТОСК-ын өмчлөлийн “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцаас 792.45 ам метр талбайтай, нэг тэрбум 69 сая гаруй төгрөгийн үнэтэй 15 орон сууцыг мөн л бусдад давуу байдал олгон өгч, төрийн өмчит аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт прокурорууд үйлдсэн билээ. Орон сууц шилжүүлж авахдаа хүчингүй болсон, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн Орон сууцын фонд бүрдүүлэх журам гээчийг үндэслэсэн байгаа юм. Гэвч энэ журмыг нь Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд нийслэлийн ИТХ нь 5/14 дугаартай тогтоол гаргаж, хүчингүй болгосон, эрх зүйн чадамжгүй баримт бичгийг үндэслэсэн нь хачирхалтай.
Ийнхүү шилжүүлэн авсан орон сууцуудаа зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд А/927 тоот захирамжаар орон сууцад орох иргэдийн нэрсийн жагсаалт гаргасан аж. Гэтэл энэ жагсаалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн ах Ёндон-Ойдовын Батчулууны нэрийг оруулан “Буянт-Ухаа-1” хорооллын 719 дүгээр байранд 42 ам метр талбайтай, 54.1 сая илүү төгрөгийн үнэлгээтэй орон сууц үнэ төлбөргүй олгуулан, ТОСК-д хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон юм.
ТОСК-ААС ШИЛЖҮҮЛСЭН ХӨРӨНГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАВ
Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ашигласан гэж буруутгаж байгаа. Ингэхдээ хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр нарын хамт уг хэргийг өдүүлсэн хэмээн прокурорууд яллах дүгнэлтдээ дурдсан байдаг.
Хотын дарга асан Э.Бат-Үүл ТОСК-ын захирал А.Гантулгад нөлөөлсөн, улмаар “Буянт-Ухаа-2” орон сууцын хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкны 35.5 сая ам.долларын зээлээс “Бэрэн групп” ХХК-ийн ХААН банкны данс руу 2015 оны наймдугаар сарын 27-нд таван тэрбум, есдүгээр сарын 11-нд эл компанийн “Голомт” банкны данс руу дөрвөн тэрбум төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн аж. Дансанд нь орж ирсэн мөнгөнөөс “Бэрэн групп” ХХК-ийнхан Б.Чулуудайгийн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны дансанд 2015 оны наймдугаар сарын 28-нд хоёр тэрбум, есдүгээр сард 3.5 тэрбумыг шилжүүлсэн нь тогтоогдож. Ийнхүү А.Гантулгад нөлөөлснөөр ТОСК-д нийт есөн тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж эдийн засгийн шинжээчид дүгнэсэн байдаг. Эл есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нартай хамтран эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор олон удаагийн гүйлгээгээр халхавчлан Э.Бат-Үүл нар шилжүүлэн авсан гэж буруутгаж буй билээ. Олон удаагийн гүйлгээнээс “Бэрэн групп” ХХК-ийнхны зарцуулсан мөнгийг дараагийн цувралаараа уншигчдадаа хүргэх тул энэ удаа орхиё. Харин Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар хэрхэн зарцуулсныг мөрдөгчид тогтоосон талаар нь хүргэе. “Бэрэн групп”-ээс “Гранд лайн” ХХК-ийн Төрийн банкан дахь дансанд “гэрээний төлбөр” гэсэн утгаар 2015 оны найм, есдүгээр сард хоёр болон 3.5 тэрбумыг шилжүүлсэн байдаг юм билээ.
Улмаар Б.Чулуудай уг шилжүүлсэн мөнгөнөөс эхлээд 50 саяыг бэлнээр авсан бол удалгүй 86.6 саяыг “Машины барьцаа, зээлийн төлбөрт” гэсэн утгаар Төрийн банкны өөр нэг данс руу шилжүүлсэн байна. Түүнээс хойш 185 саяыг бэлнээр авч зарцуулсан бол 411 саяыг Э.Бат-Үүлийн охин Б.Хулангийн нөхөр Б.Идэрийн Төрийн банкны данс руу нь шилжүүлжээ. Түүгээр зогсохгүй 2015 оны есдүгээр сарын 10-даар нэг бус удаа “Картын зээлийн төлбөр” гэсэн утгаар 20 000 гаруй ам.доллар Э.Бат-Үүлийн “Голомт” банкан дахь данс руу шилжүүлсэн нь ч тогтоогдсон аж.
Түүнчлэн тухайн үеийн Улаанбаатар хотын банкны данс руу 439.6 саяас эхлээд их хэмжээний мөнгө шилжүүлж байсан, карт уншигч ПОС терминал төхөөрөмжөөр олон сая төгрөгийн гүйлгээ хийснийг ч мөрдөн шалгах байгууллагынхан тогтоосон байдаг. Энэ мэт үндэслэлээр нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, “Бэрэн групп” ХХК-ийн Б.Мөнхтөр нарыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж зарцуулан мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж прокурорууд дүгнэжээ. Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3-т заасан дээрх үйлдлээс гадна 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.12-1-ийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэмт хэргийн хатгагч, хамтран оролцогч, зохион байгуулагч хэмээн Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Б.Мөнхтөр нарыг буруутгасан билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа