Иргэн Р.Гончигдорж (УИХ-ын гишүүн асан) энэ долоо хоногийн даваа гарагт Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 76.2, 95.5, 95.7 дахь хэсэг Үндсэн хуулийн 25.1.6, 49.3, 49.5, 49.6, 51.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, мэдээлэл гаргасан байна. Шүүхийн тухай хуулийн дээр дурдсан заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх хүсэлтийг өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд гаргаж байв. Улмаар Цэц эдгээр заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдвэрлэн, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг түдгэлзүүлснээр шүүхийн шинэтгэлийн үйл явц үндсэндээ зогссон билээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Төрийн тэргүүний гаргасан эл хүсэлтээс татгалзсаныг Цэц өдгөөгөөс сар гаруйн өмнө хүлээн авснаар Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гацаа арилаад буй. Тэгвэл иргэн Р.Гончигдоржийн гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор шүүхийн шинэтгэлийн үйл явц дахин гацаж мэдэх нөхцөл үүсэх нь.
Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, иргэн Р.Гончигдорж хоёрын гаргасан өргөдөл нэг нь хүсэлт, нөгөө нь мэдээлэл гэсэн нэршилтэйгээр Цэцэд очиж буйгаас бус агуулгын хувьд ялгарах зүйлгүй. Өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс өнөөгийн Төрийн тэргүүн татгалзсаныг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрсний даргаа иргэн Р.Гончигдорж Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хүсэлтийг иргэний хувиар мэдээлэл болгон сэргээж, Цэцэд хандахаа хэвлэлээр хэлж байсан юм. Ингэхдээ тэрбээр “Нэгэнт Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлт цуцлагдсан тул Үндсэн хуулийн цэц “Өмнө нь Цэцээр хэлэлцсэн асуудал” гэж буцаахгүй. Улмаар уг хүсэлтийн дагуу маргаан үүсгэж, хянан хэлэлцсэн учраас миний гаргах мэдээллийг “хянан хэлэлцэх маргаан биш байна” гэж буцаахгүй, хэлэлцэж л таарна. УИХ нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны зарим гишүүнийг томилж байгааг Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө гэж би үздэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Үнэхээр ч өмнө нь яг энэ маргааныг Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэрлэчихсэн. Одоо Цэц иргэн Р.Гончигдоржийн мэдээллийг хүлээн авч, маргаан үүсгээд, ямар шийдвэр гаргах нь ч үндсэндээ тодорхой болж байх шиг. Үндсэн хуулийн зөрчлийг иргэн гаргаж тавибал нэг өөр, Ерөнхийлөгч хэлбэл бас нэг өөр байдлаар хандаж, Цэц ялгавартай шийдвэр гаргах, эсэхийг л анхааралтай ажиглах хэрэгтэй болох нь. Улмаар Цэц өмнөхөөсөө өөр шийдвэр гаргахгүй бол шүүхийн шинэтгэл, тэр дундаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог байгуулах үйл явц дахин гацна гэсэн үг.
Сануулбал, Шүүхийн тухай хуулийн 76.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно” хэмээн заасан. Харин 95.5-д “Нийт шүүгчийн чуулган энэ хуулийн 77.12, 77.13, 77.14, 77.15, 77.16, 77.17, 77.18-д заасан журмаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, олонхын саналаар сонгоно. УИХ энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно”, 95.7-д “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батална” гэсэн заалт бий.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-аас томилох гээд байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Өмнө нь эл хоёр бүтцийн (Ёс зүй хороо нэртэй байсан) бүрэлдэхүүнийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог байв. Тэр ч бүү хэл Ёс зүйн хорооны даргыг томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл Төрийн тэргүүн баталж ирсэн юм. Цэц ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргахдаа “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй гэж үзэхээр байна. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн гурав, тав, зургаа дахь хэсгийг зөрчсөн байна” хэмээн үндэслэл болгосон байдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг шинэ хийгээд хуучин хуулийн аль алинд нь зааснааршүүгчийг шилж, сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах явдал. Уг зөвлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэднээс тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор Шүүхийн тухай хуульд заасан. Тэднийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж буй бөгөөд сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцаж байна. Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, энэ чиглэлийн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ахалж буй. Ажлын хэсгийнхэн нэр дэвшсэн 29 хүнээс зургааг нь сонгон шалгаруулаад буй бөгөөд УИХ тэднээс тавыг нь эцэслэн батлах ёстой. Эл шийдвэрээ ойрын үед гаргахаар байгаа билээ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн нөгөө тав буюу шүүгч гишүүдийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр хүнийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгочихоод байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулах Шүүхийн ерөнхий зөвлөл тун удахгүй бүрэн бүтэн болох нь. Гэхдээ Үндсэн хуулийн цэц иргэн Р.Гончигдоржийн мэдээллийн мөрөөр ямар шийдвэр гаргахаас тэдний ирээдүй хамаарч мэдэхээр болчихлоо.
Шүүхийн сахилгын хорооны хувьд ч адил. Уг хороо бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасны дагуу шинэчлэгдэж байгаа бүтэц. Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх, эсэхийг шийдвэрлэдэг байсан Шүүхийн ёс зүйн хороо нь Шүүхийн сахилгын хороо болж байгаа юм. Нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ирсэн тус хорооны гишүүдийн тоо энэ удаа өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэднийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурав гурван хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо тавыг (шүүгч бус) нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилох юм. Энэ таван суудалд 23 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор), Х.Хашбаатар (АТГ-ын хэлтсийн дарга), Д.Мягмарцэрэн (Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багш), Д.Ариунтуяа (Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга), Д.Эрдэнэчулуун (Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан) нар ажлын хэсгийнхнээс олонхын санал авч, шалгаран үлдээд байна. Харин Шүүхийн сахилгын хорооны бусад гишүүнийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, тодруулаад буй.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авсан Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх дунд суудлын хуралдааны шийдвэрээ Ерөнхийлөгчийн хүсэлтээр хүчингүй болгох тухай шийдвэрийг Цэц их суудлын хуралдаанаараа гаргав. Нэн ойлгомжгүй нь Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэлгүйгээр хүчингүй болгож, хууль зөрчив. Үр дүнд нь нэгдүгээрт, Шүүхийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх дунд суудлын хуралдааны шийдвэр хүчингүй болов. Хоёрдугаарт, Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт гацаанаас гарч, хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Гуравдугаарт, Цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын тогтоолыг дахин хэлэлцэж байж эцсийн шийдвэрээ гаргах тухай Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд зөрчигдөв. Цэц өөрөө хууль зөрчив” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Түүнчлэн өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.18-т Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул үүнийг арилгахаар эл төслийг өргөн мэдүүлсэн билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн Цэц их суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудалд институц хоорондын тэнцвэртэй оролцоог хангах ёстой гэсэн маргаантай холбоотой шийдвэр гаргаагүйг онцолж байсан. Өөрөөр хэлбэл, үүнээс болж асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүйг анхааруулсан хэрэг. Шүүхийн тухай хуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд өрнөх үйл явц дуусахгүй нь бололтой.