Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бодлогынхоо нэг хэсэг болгосон байгууллагуудын нэг бол “Мобиком” корпорац. “Мобиком”-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийнхөө хүрээнд анх найман ажилтан авч, “Телесэйлс” хэмээх, хэрэглэгчдийг халамжлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг албанд томилжээ. Залуус уг албандаа маш сайн ажилласан тул жил гаруйн дараа тэднийг илүү их ажилтай, нэлээд ярвигтай сошиал шугамд шилжүүлжээ. Энд дурын хүн ажиллах боломжгүй. Учир нь бүхий л үйлчилгээг мэддэг болсон цагтаа хийдэг хариуцлагатай ажил юм билээ. Тухайлбал, хэрэглэгч юу ч асууж болох бөгөөд бүгдэд нь төвөггүй хариулах ёстой.
Олныг нуршилгүй тус байгууллагын ажилтан, сошиал шугам дахь үйлчилгээний зөвлөх Б.Ууганбаярын ажилтай танилцсанаа хүргэе. Тэрбээр “Мобиком”-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэглэгчдэд сошиал медиагаар дамжуулан мэдээлэл, зөвлөгөө өгдөг үүрэгтэй. Б.Ууганбаяр “Мобиком”-ын төв оффис дахь өрөөндөө сууж, эсвэл гэрээсээ ажилладаг юм билээ. Сурвалжилга хийх өдөр гэртээ ажиллаж таарав. Гэр нь Баянзүрх дүүрэгт, Сэлбийн голын зүүн эрэг дэх өндөр байранд байдаг аж. Нэг өрөөгөө ажлын байр болгожээ. Байгууллагынхаа логог ажлын ширээнийхээ ард залсан бөгөөд компьютер, чихэвч, чанга яригч зэрэг хэрэглэгдэхүүнээ ч бэлджээ. Гэргий нь цай аягалж, идээ, ундаа өрөөд, хаалгаа хаасан нь биднийг тайван ажиллаг гэснийх байх. Тэрбээр хөл хүнд юм билээ. Гэрийн эзэн “Манайх удахгүй дөрөв дэх хүүхдээ хүлээж авах юм” гэж хэлж дуусаагүй байтал түүнд хэрэглэгч асуулт тавив бололтой, хариулаад суучихлаа. Тэрбээр корпорацынхаа фэйсбүүк хуудсыг бусад ажилтантай ээлжилж хариуцдаг аж. Энэ өдөр “Мобиком”-ын фэйсбүүк чатны “Ажилтантай холбогдох” хэсэгт хариулах, мөн хуудасны сэтгэгдэл хэсэгт хариулах, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх ажил хийж байлаа.Нэгэн хэрэглэгч “Нэгж яаж зээлэх вэ” гэж асууж байна. Бас онлайн дэлгүүрт нь борлуулж буй чихэвчний талаар асуув. “Ямар давуу талтай вэ, одоо худалдаж байгаа юу, орон нутгийн хэрэглэгч яаж авах вэ” гэсэн асуулт ч ирэв. Үйлчилгээний зөвлөх Б.Ууганбаяр нэгд нэгэнгүй хариулахад хэрэглэгч талархал илэрхийлээд, амжилт хүслээ. “Мессеж явахаа больчихлоо, яах вэ” гэсэн асуулт ирэв. Нэг утгатай мессеж олон удаа явуулахаар байгууллагаас хаачихдаг юм байна. Б.Ууганбаяр түүнд энэ талаар тайлбарлаад, аль нэг салбарт очиж мессеж үйлчилгээгээ нээлгэхийг зөвлөсөн юм. Түүнийг ийнхүү ажиллах зуур иргэдийн олонх нь гар утсаар ярьж, ажлаа хурдан амжуулдгаас биш, үүрэн холбооны бусад үйлчилгээний талаар тун бага мэдээлэлтэй байдаг нь анзаарагдсан. Тэр бүхнийг зохицуулж, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг нь түгээдэг хүмүүсийн нэг нь Б.Ууганбаяр. Ийм ажлыг мэргэшүүлж бэлтгэсэн ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд алдаа гаргаж, байгууллагаа хохироохгүйн зэрэгцээ хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчилж, сэтгэл ханамжийг зохист түвшинд байлгах үүрэгтэй аж.
Б.Ууганбаяр өдгөө 34 настай. Өрөөсөн хөлийнх нь түнхний толгой байдаггүй тул хөл нь урт, богино. Дунд ангийн сурагч байхдаа хөлөө гэмтээснээс идээт үрэвсэл үүсэж, улмаар удаан хугацаанд хэвтэрт байсан аж. Хөлийн бүдүүн гуяных нь булчин хэсэгт хөхрөөд удсан бөгөөд тоохгүй, бага зэрэг доголоод яваад байх зуур цаагуураа идээ татаж, улмаар цусанд нь нөлөөлсөн нь ийм байдалд хүргэжээ. Олон удаа мэс засал хийлгэсний дүнд хөл дээрээ боссон гэнэ. Нэг үе тэргэнцэртэй явдаг байж. Харин сүүлийн 4-5 жил хааяа таяг тулдгийг эс тооцвол хөл нь харьцангуй сайжирчээ. Тэрбээр хөл дээрээ боссон цагаас хойш аав, ээжтэйгээ цуг барилгын ажил хийж иржээ. Тухайн үед техникч, зөвлөх байсан гэнэ. Аав нь барилгын инженер, ээж нь мөн энэ чиглэлийн нягтлан бодогч, санхүүч тул хамтарсан компани байгуулан, зөвлөхийн ажлаар олон жил дагнасан юм байна. Гэтэл одоогоос гурван жилийн өмнө гэр бүлийнх нь бизнест саад бэрхшээл тохиолдсоноор бүгд хэсэгтээ ажилгүй болцгоожээ. Зургаан сар хэртэй гэртээ сууж, залхсан залуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвд төсөл бичиж өгч, ажилтай болох санаатай очиж л дээ. Тэнд очоод “Мобиком”-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд шалгаруулж авах гэж байгааг мэджээ. Тэрбээр компьютерт оффисын программ ашиглаж мэдэхгүй хэрнээ л ажилд орохыг сонирхож буйгаа хэлтэл “Мобиком”-ын удирдлага ч уриалгахан хүлээн авсан байна. Улмаар ажилд орохоор бүртгүүлж, ярилцлагад ч тэнцжээ. Дунд сургуульд байхдаа хүндээр өвдсөнөөс их, дээд сургуульд орж чадаагүй, барилгын талбараас өөр газарт ажиллаж үзээгүй Б.Ууганбаяр өөрийгөө “Мобиком”-ын ярилцлагад тэнцсэн гэж бодохоор эмээж байж. Гэсэн ч тэрбээр тус байгууллагын ажилтан болж чадсан. Чадахгүй, мэдэхгүй болгоноо чаддаг, мэддэг болжээ. Найрсаг хамт олны дэмжлэг, бас өөрийн хичээл зүтгэлийнхээ ачаар ажлаа төвөггүй хийж чаддаг болов. Үүний ачаар тэрбээр өмнө нь ажиллаж байсан албандаа бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээ, шагнал урамшууллаараа сүүлийн жилийн турш хамт олноо тэргүүлсэн аж. Мөн VOO үйлчилгээний хүрээнд хамгийн өндөр борлуулалт хийсэн ажилтан. Б.Ууганбаяр энэ бүхнээс сэтгэл дүүрэн урам авчээ.
…Ямар ч ажлын байр том санагддаг. Ажиллаж чадахгүй юм шиг бодогддог. Зориг гаргаж чадвал сурахгүй зүйл гэж үгүй. Тийм учраас зоригтой, хүчтэй байгаарай. Зөвхөн “Мобиком” ч гэлтгүй бүхий л байгууллага адилхан хүлээж авна гэж бодож байна. Хүсэлт өгөөд, ярилцлагад ороод үзээрэй…
Мөн тэрбээр хайнгадуу ярих, хувцаслах зэрэг зуршлаа нэг л мэдэхэд халсан байж. “Ажлын орчны бие биеэ болон хэрэглэгчээ хүндэлж харилцдаг уур амьсгал, харилцаа, хандлага хувь хүн хөгжихөд, сэтгэл хангалуун, амжилттай ажиллахад чухал нөлөөтэй. Ажилладаг орчин эрс өөрчлөгдөж, соёлтой, нэгнээ гэх сэтгэлтэй болоод ирэхээр гэр доторх уур амьсгал ч бас их гоё болж өөрчлөгддөг юм байна” гэж тэрбээр хэлсэн.
Ажлынх нь дундуур хэсэг хугацаанд түүнтэй чөлөөтэй ярилцах боломж гарсан юм. Тэрбээр “Ямар ч ажлын байр том санагддаг. Ажиллаж чадахгүй юм шиг бодогддог. Зориг гаргаж чадвал сурахгүй зүйл гэж үгүй. Тийм учраас зоригтой, хүчтэй байгаарай. Зөвхөн “Мобиком” ч гэлтгүй бүхий л байгууллага адилхан хүлээж авна гэж бодож байна. Хүсэлт өгөөд, ярилцлагад ороод үзээрэй” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлэхийг хүсжээ. Тиймээс л ажлын байрнаасаа сурвалжилга хийлгэхийг зөвшөөрсөн юм байна. Б.Ууганбаярыг энэ мэтчилэн ярих зуур компьютерынх нь дэлгэц дээр “Баярлалаа” захидал” гэсэн бичиг байхыг харав. Өөрт нь ирсэн талархал байх гэж бодоод сонирхож асуухад тэрбээр “Би өөрөө бичсэн юм. Би жаргалтай үедээ бусдад “Баярлалаа” гэж шууд хэлдэг. Та уншиж болно шүү. Би байгууллагынхаа гүйцэтгэх захиралд илгээхээр талархлын захидал бичсэн. Үүндээ зориулж гэр бүлийн зураг авхуулсан. Дарга нартаа хэлтэл дэмжиж, захиаг минь япон хэлээр орчуулж өгөхөөр болсон” хэмээлээ.
Тэрбээр уг захидлаа “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал Тацуяа Хамадад илгээхээр төлөвлөжээ. Уг захидлын эхэнд гэр бүлээ танилцуулсны дараа ““Мобиком”-д ажилд орсноос хойш миний амьдралд маш их эерэг өөрчлөлт гарсан учраас талархал илэрхийлэхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих санаачилга гарган хэрэгжүүлж, биднийг сайхан хамт олныхоо дунд сэтгэл хангалуун ажиллуулдаг танд болон Хүний нөөцийн алба, хэрэглэгч, үйлчилгээний баг хамт олонд маш их баярладаг. Компьютерын программууд дээр ажиллаж чаддаггүй намайг ажилд уриалгахнаар хүлээж авсан болохоор удирдлагууддаа өгсөн амлалт ёсоороо хичээн суралцсанаар шилдэг ажилтны нэг болсон. Их, дээд сургууль төгсөөгүй бол ажилд орох хэцүү. Шалгуур өндөртэй байдаг. Харин “Мобиком” надад сайн ажиллаж, сайхан амьдрах маш том боломж олгож байна. Ингэснээр манай гэр бүлийн амьдралд ч өөрчлөлт их гарсан. Эрүүл мэндийн хувьд ч сэтгэл зовних нь мэдэгдэхүйц багассан. Ажил минь надад өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо бусдад хүргэх боломжтойг ойлгууллаа. Энэ нь миний илүү их хичээх шалтгаан, бас урам зориг болдог. Энэ хамт олонд нэгдсэнээс хойш манай гэр бүлд олон сайхан зүйл тохиолдож байгаа. Ялангуяа 2021 он миний хувьд гэрэл гэгээ ихтэй жил болж байна. Үндсэн ажилтан боллоо, шинэ байранд орох гэж байна. Удахгүй дөрөв дэх хүүхдээ хүлээж авна. Хүн байхын үнэ цэнийг ухааруулсан, амьдралд минь шинэ өнгө төрх нэмсэн танд маш их баярлалаа. Цаашид байнга суралцаж, шинийг санаачилж, өөрийгөө дайчлан хичээнгүйлэн ажиллах болно” гэжээ.
Ийм нэгэн ёстой л олны хэлдгээр зовхи нь өөдөө залуугийн ажилтай танилцах зуураа үүрэн холбоо, харилцаа, ажилтнуудын мэргэшил, ур чадвар, сэтгэл зүй, басхүү тэсвэр, тэвчээрийн ч талаар ихээхэн ойлголттой боллоо.