2022 оны Бээжингийн олимпын наадмын бамбар асаах ёслол Грекийн Олимпиад өнгөрсөн даваа гарагт болж, ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Грекийн Ерөнхийлөгч К.Сакелларополу нарын албаны хүмүүс оролцсон билээ. Телевизээр шууд дамжуулж байсан эл арга хэмжээний үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч гурван идэвхтэн цагдаагийн маш чанд хамгаалалтыг нэвтэрч, ойролцоох Хера бурхны сүм рүү авиран гарав. Тэд “No genocide games” гэсэн бичиг, Төвөдийн далбааг барин зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр баривчлагдсан идэвхтнүүдийн хоёр нь төвөд гаралтай, АНУ-ын иргэн, 18 настай Ц.Зоксан, Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн 22 настай Ж.Сю нар байжээ. “Students for free Tibet” байгууллагын мэдээлснээр Ц.Зоксан, Ж.Сю нар нь 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг БНХАУ-д олгосон ОУОХ-г уг алдаагаа засахыг шаарддаг “No Beijing 2022” кампанит ажлын идэвхтнүүд ажээ. БНХАУ нь хүний эрхийг зөрчдөг, уйгур иргэдийг хоморголон хөнөөж буй, түүнчлэн Төвөдийг хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэж тус кампанит ажлын идэвхтнүүд үздэг.
Бэлтгэсэн Э.Энх