“Гэмтээсэн гараа яана аа” гэж эмзэглээд олигтой хөдөлгөхгүй байвал энэ чигээрээ тогтчихно шүү. Бүлээн усанд сайн дүрээрэй” хэмээн зөвлөөд сурагчаа ангиас үдэн гаргасан багш бол лимбэчин, Консерваторын Үндэсний хөгжмийн сургуульд энэ намраас ажиллаж эхэлсэн М.Лхагвагэрэл юм. Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгсөгч бөгөөд манай улсын мэргэжлийн лимбэчдийн нэг. Урлагийнхан дунд сайн багш, мөн 1990-ээд оноос эхтэй “шуурганаар” ганзагын наймаа хөөлгүй, мэргэжлээ хамгаалаад үлдсэн гэдгээрээ хүндтэй Д.Энхтайван болон лимбэчин, багш, хөгжмийн зохиолч, найруулагч Гавьяат жүжигчин М.Бадам нарын шавь.
М.Лхагвагэрэлийг сургуулийнхан нь “Энхтайваны хүү” гэдэг ч байж. Яагаад ийнхүү онцолдог вэ гэхээр багшийнхаа заасан бүхнийг цаг хугацаанд нь өөрийн болгоод, дараагийн даалгавраа хүлээдэг шилдэг сурагч, оюутнаа багш нь ихэд хайрладаг байсныг үеийнхэн нь, багш нар ч сайн мэддэг. Багш нь нас залуугаар өвчний учир өөд болохын өмнө Лхагваад мэргэжлээ сайтар эзэмшихийг, мөн өөрийнхөө хийж амжаагүй болгоныг үргэлжлүүлэхийг захисны зэрэгцээ хөгжмийн зэмсэг, тоглолтын дээл, гутал, малгай зэргээ бэлэглэсэн юм билээ. Тийм болохоор ч тэр үү, М.Лхагвагэрэл монгол лимбийг бүхий л боломжид нь тултал хөгжүүлж, чинээнд нь хүртэл тоглох зэмсэг байлгахын сацуу оюутан, сурагчдыг сурган хүмүүжүүлэх үйлсэд шуударсан нэгэн.
Үндэсний хөгжмийнхөн “Лимбэний Лхагваа” хэмээн дууддаг тэрбээр сүүлийн 17 жил Япон улсад амьдарсан. Лимбээр мэргэжлийн өндөр түвшинд хэрхэн хөгжимдөхийг тус улсын үзэгчдэд харуулж, сонсгосон тоглолт “тоймгүй” олон хийсэн. Бүтээлийн цомгоо нэлээд хэдийг гаргасан. Түүнийг Монголдоо ирснийг сонсож, багшилж эхэлсэн даруйд нь уулзаж, Шанхайн Хөгжмийн дээд сургуулийг 2004 онд төгссөнөөс хойш юу амжуулж, ямар баялаг бүтээсэн талаар нь яриулж, судлах хугацаандаа гурван CD-д багтаасан тоглолтуудыг нь сонссон юм. Сэтгэлийн цэнгэл эдлэх гэсэн хэллэг бий. Ёстой л эдлэв. “Дөрвөн улирал”, “Идэр жинчин”, “Silk road” гэсэн цомогтоо тоглох ур чадвараас гадна үндэсний хөгжим, тэр дундаа лимбэ хэмээх зэмсгээр монгол хүн эх орноо, улс үндэстнээ гэсэн сэтгэлээ шингээжээ. Цомог бүрийнхээ тайлбарыг монгол, япон, англиар бичдэг юм байна. “Дөрвөн улирал”-д монгол хөгжмөө голдуу түүвэрлэн багтаажээ. “Идэр жинчин”-гээрээ уртын дууг лимбэтэй хэрхэн дуулдгийг таниулахыг зорьж. Монголчууд өмнө нь ийнхүү дуулж ирсэн ч, одоо голдуу морин хуураар хамсрах болсон тул уламжлалаа мартагнуулахгүй юм сан гэсэн хүслээ ийнхүү илэрхийлсэн гэлтэй. “Silk road”-д олон үндэстний хөгжмөөс сонгон “залжээ”. Японд манай улсыг торгоны замын орнуудын нэгээр төдийлөн нэрлэдэггүй болохоор нь зориуд хөгжмийн урлагаар “Мөн юм шүү” гэж хэлэхийг хүссэн гэсэн. Ийм нэгэн, тоглооч, судлаач, багш, үндэсний хөгжмийн урлагаа түгээн дэлгэрүүлэгч уран бүтээлч сурсан эрдмээ өвөртөлсөөр эх орондоо суурин ажиллахаар иржээ. Лимбэчидтэйгээ хамтарч ихийг бүтээх эрмэлзэл, тэмүүллээр цалгиж буй нь илт. Маримба, ёочин хөгжимчин япон бүсгүйтэй гэрлэсэн, 7, 12 насны хоёр охинтой тэрбээр Токиогийн их сургуулийн ажлаа зохицуулаад яваад ирж. Энэ хүртэл ямар замнал туулсныг нь товч өгүүлье.
М.Лхагвагэрэлийг нийслэлийн 72 дугаар дунд сургуульд сурч байхад нь урлагт дуртай, ардын дуу сайхан дуулдаг ээж нь хүүгээ урлагийн хүн болгох хүслээр 1986 онд Пионерын ордны лимбэ хөгжмийн дугуйланд оруулж, аав нь 125 төгрөгөөр алтан шаргал өнгөтэй лимбэ авч өгчээ. Лхагваа энэхүү зэмсэгтэй насан турш нөхөрлөх замыг ийнхүү тавьж өгсөн аж. Хөгжмийн анхны багш нь Н.Жамбалжамц, зөвлөх багш Монгол Улсын алдарт, гавьяат жүжигчин Л.Цэрэндорж байжээ. Тус ордонд дөрвөн жил суралцаад байхад нь тэнд ажиллаж байсан хөгжмийн зохиолч Ж.Шараа хүүд “Хөгжмийн бүжгийн дунд сургуульд шалгалт өгөөд үз” гэжээ. Түүний хэлснээр 1990 онд хөгжмийн сургуульд шал гуулж, тэнцсэнээр өнөөдрийн лимбэ тавилгүй үлээх ажил, хувь заяаны эзэн болсон түүхтэй.
Хөгжим бүжгийн дунд сургуулийн шилдэг оюутан тэрбээр ахлах курстээ хоёр хичээлийн жилийн хөтөлбөрийг зэрэг судалснаар 1996 онд ангийн нөхдөөсөө түрүүлж төгсжээ. Ингэж шамдаж байхдаа бие нь чилээрхсэн багшийнхаа оронд хичээл зааж байв. Удалгүй СУИС-ийн оюутан болсон бөгөөд МУИС-ийн хятад хэлний ангид давхар суралцаж байснаар Шанхайн Консерваторт төвөггүй элсжээ. Хуучир хөгжимчин Ч.Отгонбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, удирдаач Р.Ганбат нарын нөхөдтэйгөө тус сургуульд 2000-2004 онд амжилттай суралцаж дүүргэсэн. Эх орондоо ирж ажиллах гэж байтал Япон Улсын Осака хот дахь хятад хөгжмийн дээд сургуулийн захирал багшаар ажиллах санал тавихаар нь хүлээж авсан юм билээ. Тус сургуульд гурван жилийн гэрээтэй ажиллах хугацаандаа 2005 онд “Торгоны зам” сургалтын төвөө, дараа жил нь Япон дахь манай улсын ЭСЯ-тай хамтарч Монголын уламжлалт урлагийн холбоо байгуулжээ. М.Лхагвагэрэл ийнхүү хоёр байгууллага толгойлон эх орноо, үндэсний урлагаа арлын оронд сурталчлах хоёр жигүүртэй болсон байна.
2016 оноос Осакагийн их сургуулийн Утга, уран зохиолын хүрээлэнгийн хөгжим судлалын салбарт судалгааны ажил хийж, дараа жилээс нь Токиогийн Хөгжмийн их сургуульд магистр, доктор цол горилон монгол болон хятад хөгжмөөр дагнасан суралцагсдын судалгааны ажил болон тоглолт хариуцсан багшаар ажиллаж байгаад ирсэн.
Тэрбээр Шанхайн хөгжмийн дээд сургууль төгссөн цагаасаа сурч мэдсэнээ монголчууддаа заах ёстой, үүрэгтэй хүн гэж бодсоор явж. Мөн монгол лимбэний төрлийг нэмэх зорилгоор хэд хэдэн лимбэ хийжээ. Манай улсад их, дунд, пикель буюу жижиг лимбээр тоглодог ч дунд гарынхыг сонгох нь элбэг аж. Багш дунд лимбэд зориулсан зохиолыг их лимбээр үлээх туршилт хийсэн нь амжилттай болсон юм билээ. Тийм болохоор хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл найз нь 2011 онд өөрт нь хаяглан, дунд гарын хөгжимд зориулан бичсэн лимбэний концертыг түрүүчийн сард Консерваторын танхимд болсон хөгжмийн зохиолчийн номын нээлтээр их лимбээр тоглоход мэргэжилтнүүд ихэд сонирхон, улмаар баяр хүргэн хүлээж авчээ. Хэн хүнгүй “Болж байна шүү” хэмээн дүгнэхэд М.Лхагвагэрэл багш баярласан гэсэн.
Ер нь манай улсад 2010 он хүртэл их, дунд, пикель лимбэ хэрэглэж байжээ. Төрийн шагналт хөгжим урлаач Д.Индрээ 1973 онд их болон пикель лимбэ урлаж, үндэсний найрал хөгжмийн ай савд оруулсан юм билээ. М.Лхагвагэрэл багш Шанхайн Хөгжмийн дээд сургуульд суралцаж байхдаа тус улсад олон төрлийн лимбээр тоглодгийг ажиглаж. Хөгжмийн төрөл олон байх тусам зохиолын илэрхийлэл сайн байдгийг ч олж харж. Их лимбээр хүмүүний сэтгэлийн гүнд хүртэл тоглохыг, жижгээр нь шувуу жиргэх мэт эгшиглүүлэхийг олонтоо сонсож байснаар, өөрөө лимбэ хийдгийн хувьд энэхүү хөгжмийн зэмсгийг нарийвчлан судалжээ. Үр дүнд нь монгол лимбийг 14 төрөл болгон баяжуулав. Нэг лимбэ хийхийн тулд түүгээр мэргэжлийн тайзан дээр шаардлага хангахуйцаар тоглодог болгох хүртэл урт зам туулдаг гэнэ. Шинэ зэмсэгтээ зориулж хөгжмийн зохиолчоор бүтээл туурвиулахаас авхуулаад ажил их. Судалгааныхаа дүнд төрлүүдийг тогтоож гүйцсэн бөгөөд эдгээрийг байнгын хэрэглээтэй, өөрөөр хэлбэл “амь”-тай байлгах талд Монголынхоо лимбэчидтэй хамтарч ажиллах юм байна. Энэ үйлсдээ зориулж 2010 онд “Лимбэдэх урлаг” хэмээх хоёр ном гаргажээ. Хөгжмийн зохиолч, судлаач, доктор Н.Жанцанноров редакторласан. Уг номоос ямар зохиолыг ямар хөгтэй лимбээр тоглох ёстой юм гэдгийг мэдэж болно. Хөгжимчин, багш, судлаач залуу ийм олон төрлийн лимбэ хийсэнд нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров баяр хүргэж, урамшуулан лимбэ, төгөлдөр хуурт зориулсан зохиол бичиж өгснийг Лхагваа 2013 онд Токиод анхлан тогложээ. Хөгжимчнөөс ур чадвар шаардсан уг бүтээлийг олон төрлийн лимбээр тоглож утга санааг бүрэн гаргадаг гэнэ. Үүнээс өмнө 2009 онд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл лимбэ, симфони найрал хөгжмийн концерт бичсэнийг тэрбээр тухайн жил БНХАУ-ын Ханжоу хотын оркестртой тоглосон ажээ.
М.Лхагвагэрэл лимбэ хөгжмийн төрлийн судалгаа хийж, өөрөө урлаж он жилүүдийг үдэх явцдаа хөгжмийн зохиолчдод захиалан бичүүлсэн бүтээлүүдээ мэргэжил нэгт уран бүтээлчдээрээ, дүү нараараа голчлон тоглуулсаар ирэв. Одоо өөрөө эх орондоо ирсэн болохоор тэдэндээ заах, санаагаа ойлгуулахад амар болох биз ээ.
Лимбэ хийх амаргүй гэлээ. Харахад хөндий модыг энд тэнд нь цоолсон харагдах ч хөг тавихад маш хэцүү. Утсан хөгжмийн нэг утсыг хөглөхөд нөгөөдөхдөө нөлөөлөхгүй. Гэтэл лимбэний нэг нүхний хөгийг таарууллаа гэхэд нөгөөгийнх нь зөрвөл түрүүчийн нүхийг томруулж, өөрчлөх замаар тохируулан өнгийг засдаг, тун чиг ярвигтай ажил аж. Хөгжим хөгтэй байх уу, үгүй юү гэдэг нь нэг мм-ээр алдаж нүхэлсэн, эсэхээс шалтгаалдаг. Лхагваа лимбэ хийх, одоо цагт ховордсон улаан мод, хулс, хуванцар зэрэг материалыг Япон болон БНХАУ-д захиалдаг юм байна. Санаандаа хүрсэн лимбэ хийх гэж олон удаа бүтэлгүйтсэн тухайгаа яриад хөхөрч байлаа. Холоос захиж авчруулсан мод хагарчих нь энүүхэнд. Нарийн хэмжиж тогтоосон хэсэгт өрөмдөж цоолсноо мэдрэмтгий багажаар сийлнэ. Үлээж үзээд л, нүхийг бага, багаар томсгосоор зохих түвшинд аваачна. Хүний чигчий хуруу богино тул харгалзах нүхийг бусад хуруу байрлах шулууны дагуу гаргаж болохгүй.
М.Лхагвагэрэл ийнхүү лимбэ хөгжимд зориулсан зохиолын төрлийг олшруулах, тоглоочдын ур чадварыг хөгжүүлэх, хөгжмийн зохиолчдын сонирхлыг татах, зохиол бүтээл туурвих хорхойг нь хөдөлгөх зорилгоор хөгжим хийсээр, тоглосоор бөгөөд өдгөө монгол оюутан, сурагчдад мэддэг, чаддагаа заахаар ханцуй шамлан ажилдаа ороод буй нь энэ.
Тэрбээр “Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл саяхан “Их лимбэ ямар гоё, зөөлөн дуутай юм бэ” гэж байна лээ. Мань хүн нэг юм бодсон байх. Хүнгэнэсэн, гоё аялгуутай зохиол гаргаасай гэж бодсон” гэж хэлэхдээ ямар нэгэн сайн, сайхан мэдээ хүлээн чих тавих мэт үл ялиг гилжийх нь чин сэтгэлийнх нь илрэл гэхээр. Лимбэдэхийн сацуу хөмийлж, морин хуур, товшуур, төмөр болон хулсан хуур, цуур тоглодог тэрбээр Японд 2006 онд япон уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэн байгуулсан “Жигүүр”, “Тэмүүжин” хамтлагтайгаа олон ч зохиолыг үзэгч, сонсогчдод хүргэжээ. Ийм нэгэн хөдөлмөрч багш Монголынхоо хөгжмийн урлагийн ууган, төрөлх сургуульдаа ажиллаж байна.
Монгол лимбэ үлээх нь онцлогтой. Энэ урлагийг 2011 онд ЮНЕСКО яаралтай хамгаалах биет бус соёлын өвөөр “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа” гэсэн нэртэйгээр бүртгэсэн. Дэлхийн олон үндэстний үлээвэр хөгжимд битүү амьсгаа буюу цагариган амьсгаа гэсэн ойлголт, техник байдаг. Өнөө үед энэхүү битүү амьсгааг хойч үедээ тун зөвөөр, мэргэжлийн өндөр түвшинд зааж сургах шаардлага тулгарч буй аж.
Зуун зууны турш өмнөд хөршид олон янзын лимбээр тоглож ирсэн түүхтэй. Монголын лимбэчид ч өдгөөгөөс цааш мөн дутахгүй олон төрлийн лимбээр хүссэн зохиолоо саад гүй эгшиглүүлж байх боломжийг судлаач М.Лхагвагэрэл мэргэжил нэгт нөхөд, бусад уран бүтээлч, тэр дундаа хөгжмийн зохиолчидтой хамтарч ийнхүү бүрдүүлсээр байгааг олж мэдлээ.
БАЯРБААТАР