Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд мэдээлснээр манай улсад харааны бэрхшээлтэй 11 800 орчим иргэн амьдарч буй. Тэд бусдын адил сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тэдний эдгээр эрхийг хамгаалахад чиглэдэг Дэлхийн цагаан таягтны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр харааны бэрхшээлтэй иргэд эрхээ тунхаглан, дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг билээ. 1970 оноос эхлэн олон улсад жил бүрийн аравдугаар сарын 15-нд Дэлхийн цагаан таягтны өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Хараагүй иргэд цагаан таяг хэрэглэх болсон түүхийг сөхөж үзвэл 1921 оноос эхлэлтэй аж. Британийн Бристол хотод амьдардаг мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Бигсс золгүй тохиолдлоор хараагаа алдаж, таягийн тусламжтайгаар явах болжээ. Ингэхдээ хар өнгийн таяг нь хүний анхаарлыг төдийлөн татахгүй байсан учир цагаанаар будуулсан гэдэг.
Удалгүй Англи төдийгүй Европ, АНУ-ын хараагүй иргэд цагаан таяг хэрэглэх болсон байна. Дэлхийн цагаан таягтны өдрийн гол утга нь харааны бэрхшээлтэй иргэд бидний дунд амьдарч буйг сануулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм.
Дэлхийн хараагүйчүүдийн холбооноос энэ жил “Харахгүй байх нь сул тал биш” гэсэн уриалга дэвшүүлжээ. Тус холбооноос цар тахлын үед ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орхигдуулахгүй байхыг сануулсан бөгөөд коронавирус хараагүй иргэдэд хэрхэн нөлөөлж буйг судалсан аж. Судалгаанд оролцогчдын олонх нь цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тэдэнд хүртээмжгүй байгааг онцолжээ. Тухайлбал, дараалалд зогсох, зай барих тэмдэглэгээ байрлуулахдаа хараагүй иргэдийн хэрэгцээг харгалзан үзээгүй буюу товойлгосон дүрсээр хийгээгүй байна. Иймээс тэд зай барих тэмдэглэгээг таягаараа мэдрэх боломжгүйг дурджээ. Эдгээр асуудлыг олон нийтэд хүргэх, ойлгуулахад энэ удаагийн Дэлхийн цагаан таягтны өдрийн гол зорилго оршиж байна.
Дэлхий нийтээр хараагүй иргэдийн эрх, ашгийг хамгаалахад чиглэдэг энэхүү өдрийг манай улс 1987 оноос тэмдэглэж иржээ. Иргэд тулгамдсан асуудлаа энэ өдөр төр, засгийн удирдлага, эрх баригчид болон олон нийтэд хүргэж, хэлэлцүүлэг, жагсаал цуглаан өрнүүлдэг уламжлал тогтжээ. Энэ удаа харааны бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэлт, түрээсийн орон сууц, боловсрол, тусгай хэрэглэгдэхүүн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цаашдын үйл ажиллагаа гэсэн таван чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн амьжиргааны түвшин тааруу нэгэндээ тусламж, дэмжлэг үзүүлэх аж. Тэр дундаа хараагүй иргэдэд тулгамдсан хамгийн чухал асуудал нь хөдөлмөр эрхлэлт болохыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Ганбат онцолсон. Манай улсад хараагүй иргэдийн 5.6 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэд ихэвчлэн бариа засалчаар ажилладаг. Энэ талаар холбооны ерөнхийлөгч Д.Ганбат “Харааны бэрхшээлтэй иргэдийн хамгийн том асуудал нь хөдөлмөр эрхлэлт, боловсролд тэгш хамруулах юм. Бидний олонх нь бариа засал болон урлаг, соёлын чиглэлээр ажиллаж байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед хараагүй иргэд компьютер болон бусад тоног төхөөрөмж ашиглаж ажиллах боломжтой. Түүнчлэн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг заавал тусгай сургуульд хамруулах ёсгүй. Бусдын адил ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулахыг зорьж байна. Үүний тулд тэдэнд туслах багш, зориулалтын хичээлийн хэрэгсэл шаардлагатай. Манай холбооны дэргэд брайл ном хэвлэх төв бий. Тэнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж ном, сурах бичиг үйлдвэрлэдэг. Хэвлэх төвөө бид гадаад улсын хандиваар санхүүжүүлж ирсэн. Ном, сурах бичиг хэвлэх, багш нарыг бэлтгэх зардлыг улсын төсөвт суулгах хэрэгтэй. Энэ мэт асуудлыг жил бүр тохиодог Дэлхийн цагаан таягтны өдрөөр бид Засгийн газар болон олон нийтэд уламжилж, сануулдаг. Зазорим жил жагсаал цуглаан ч зохион байгуулж байлаа. Энэ удаа “Ковид-19”-ийн улмаас олон хүн цуглуулах боломжгүй байна. Харин телевизээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлаа ярилцахаар төлөвлөсөн. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд харааны бэрхшээлтэй иргэнд тусгай хэрэгсэл үнэ төлбөргүй олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зориулалтын таяг, ярьдаг цаг, даралтын аппарат, халууны шил зэрэг долоон төрлийн зүйлийг олгох ёстой. Гэтэл эдгээрийг ихэнх газар олгохгүй байна. Завхан аймагт гэхэд манай холбооны гишүүдээс ганц ч хүн тусгай хэрэгсэл аваагүй байх жишээтэй. Манай холбоо хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, гишүүдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой ашгийн бус байгууллага. Тиймээс бид дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэв. Сонирхуулахад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоог 1978 онд Монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулжээ. Түүнчлэн 1993 онд Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, 2005 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болж өргөжин, нийслэл, 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өдгөө 9600 орчим гишүүнтэй аж.
…Олдмол байдлаар хараагаа алдахгүйн тулд нүдээ хайрлахыг хүүхэд, багачуудад багаас нь ойлгуулах хэрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад харааны бэрхшээлийн талаар зөв ойлголт, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөр боловсруулах нь чухал болжээ…
Дэлхийн цагаан таягтны өдөртэй уялдуулан жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт Олон улсын хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. ДЭМБ-ын мэдээлснээр энэ оны байдлаар дэлхий дахинд 2.2 тэрбум хүн харааны ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй байна. Тэдний 36 сая нь хараагаа бүрэн алдсан аж. Хараагаа алдахаас сэргийлэх боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Үүнээс сэргийлэхийн тулд ялангуяа бага насны хүүхдүүд ухаалаг утас, компьютер зэргийг хяналтгүй олон цагаар хэрэглэж, дэлгэцийн хамааралтай болохоос сэргийлэх шаардлагатай юм. Олдмол байдлаар хараагаа алдахгүйн тулд нүдээ хайрлахыг хүүхэд, багачуудад багаас нь ойлгуулах хэрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад харааны бэрхшээлийн талаар зөв ойлголт, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөр боловсруулах нь чухал болжээ.