Дорноговь аймгийн Замын-Үүд, БНХАУ-ын Эрээний хилийг хаасан байна. Хил хамгаалах ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан" гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдалтай байна. Бид өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээллийг өгөөд байна" гэх хариултыг өгсөн юм.
Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хил хаасантай холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдөр 07.00 цагт хил хаасан тухай мэдээлэл ирсэн. Хил хамгаалах байгууллагын холбогдох хүмүүстэй гар утсаар холбогдсон. Тэдний өгч буй мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар гарсан. Үүнтэй холбоотойгоор тус хотын 30 гаруй мянган иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон учир боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Боомт, нээх хаах тохиолдолд хоёр улсын хилийн байгууллага харилцан мэдээлэл солилцдог. Манай талд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, ариутгалын төхөөрөмж эвдэрсэн зэрэг асуудал байхгүй. Гадаад харилцааны яам холбогдох асуудлаар ажиллаж байна. Урд хөршид хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэдий хугацаагаар хөл хорихыг мэдээлэх тухай хүсэлт тавьсан. Ямар хариу шийдвэр гаргасан талаар эргээд мэдээллэх байх. Замын-Үүд боомт бол манай улсын экспорт, импортын хамгийн том гарц. Тэр ч утгаараа, тэнд УОК-оос онцгой дэглэм тогтоож ажилласан. Хилийн боомт хаагдсан учир ачаа тээвэрлэлт, экспорт, импорт зогсож байна гэсэн үг. Түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүний хувьд эрсдэл учирна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэв.