УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Э.Бат-Үүл "Манай нам дотроо хагаралтай байгааг Монгол улсын иргэн бүр харж, бас мэдэж буй. Харин, энэ хагарал даамжирсаар өдгөө, Ардчилсан Нам “орших уу, эс орших уу” гэдэг хязгаарт хүрч ирээд байгааг олон хүн мэдэхгүй. Тиймээс Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг эвлэлдэн нэгдэхийг уриалж байна хэмээн хэлсэн удаатай. Улмаар хагаралдаж, тамга тэмдгээ 2 хувь болгоод байсан АН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд нэгдэж орсон. Гэтэл нөхөн сонгуулийн үр дүн хараахан гараагүй байхад АН дотоод асуудал дахиад хурцдав бололтой.
Өглөөхөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат намын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөж буйгаа мэдэгдсэн. Харин "Хэргийн эзэн" Ц.Туваан "Би намдаа байгаа. Намайг байсхийгээд л хөөдөг юм. Тавилан юм уу даа" хэмээн асуудлыг үл хэрэгсэв. Тэгвэл АН-ын гишүүн З.Энхболд бүлгийн дарга Д.Ганбатын мэдэгдэлд эгдүүцэн "40-ын бидон Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатарыг хөөлөө гэж мэдэгдэв" хэмээн жиргэжээ.