Иргэд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд мөнгөө барах болов. Гол шалтгаан нь улсаас “Ковид-19”-ийн шинжилгээг илт хязгаарлаж, иргэдээ бараг л зөнд нь хаясантай холбоотой. Нэгэн үед коронавирусийн дельта хэлбэрийн давлагааны улмаас томоохон хохирол амсаж байсан Энэтхэг улсад өчигдөр 314, манай урд хөршид 25 тохиолдол илрэв. Тэрбумаар хэмжигдэх хүн амтай хоёр улсад хоногийн үзүүлэлт ийм бага атал манайд өдөр бүр л 2000 орчим хүн өвчилсөөр байна. Тэдний цаана багаар бодоход ойрын хавьтлын нэг хүн бий. Цаашлаад гэр бүл, ажлын газрынхан гээд тооцоход ойрын хавьтлын тоо геометр прогрессоор өсөх магадлалтай. Гэсэн ч одоогоор манай улсад ойрын хавьтлууд хяналтын гадна байгаа бөгөөд өөрсдөө л яаж ийгээд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, өвчилсөн, үгүйгээ мэдэхээс өөр аргагүйд хүрсэн. Учир нь PCR шинжилгээний үнэ нь (90 000-100 000 төгрөг) дийлдэхгүй, дараалал нь олдохгүй, үндсэндээ өдрийн од болсон.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр суурин болон явуулын есөн цэгт коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авч байв. Тэдгээрт шинжилгээ өгөх хүний тоо хязгаартай бөгөөд суурин нь 100-150, явуулынхад 40, нийт 730 иргэнээс шинжилгээ авах хязгаар тогтоожээ. Хэдийгээр энэ нь багагүй тоо мэт харагдавч цар тахал, ялангуяа коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархсан энэ үед хангалттай хэмжээний үзүүлэлт биш. Учир нь цэгүүдэд дугаарласан иргэдийн нэг хэсэг нь шинжилгээнд хамрагдаад, нөгөө хэсэг нь хоосон хоцорч, маргааш нь дахин ирэхээс өөр аргагүй болдог. Эдгээр цэгт үнэ төлбөргүйгээр шинжилгээ авдаг учраас байнга дараалалтай байдаг бөгөөд зарим тохиолдолд иргэд хонон өнжин дугаарладаг гэнэ. Харин зарим хүн ингэж цаг алдахыг хүсэхгүй, бас халдварын шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй эмчлүүлэхийн тулд яаралтай ханддаг газар нь хувийн лабораториуд болов. Үүнээс гадна сургуульд нь коронавирус илэрч, түр хугацаанд цахим сургалтад шилжсэн хүүхдүүдийг эргээд хичээлд нь оруулахад заавал шинжилгээний хариу шаардах болсон. Энэ мэтээр “Ковид-19”-ийн шинжилгээний эрэлт тогтмол өссөөр байгаа.
Уг нь иргэд өрхийн эмнэлэгтээ хандан, түргэвчилсэн шинжилгээ өгөх боломжтой гэж албаныхан тогтмол мэдээлдэг. “Ковид-19”-ийн шинж тэмдэг илэрсэн иргэд шинжилгээ өгөх гэж цаг алдалгүйгээр өрхийн эмнэлэгтээ хандан, шууд тусламж, үйлчилгээ авч болно гэж Улсын онцгой комиссоос яг сарын өмнө мэдээлж байв. Тус комиссын нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дельта хэлбэрийн халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулахгүйгээр, эмнэл зүйн шинж тэмдэгт нь үндэслэн эмчилж эхлэх үүргийг эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Шинж тэмдэг илэрсэн иргэд өрхийн эмнэлэгтээ хандан, түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад л эмчилгээгээ шууд эхлүүлж болно” гэсэн юм. Гэтэл бодит байдалд өрхийн эмнэлгийнхэн “Гэр бүлийн хүрээний ойрын хавьтал болсон тохиолдолд л шинжилгээнд хамруулна” гээд бусад хүнийг хүлээн авдаггүй. Улмаар сүүлийн үед “Манайд түргэвчилсэн оношлуур байхгүй. Оношлуураа өөрөө авч ирээд шинжилгээ өгч болно” гэх болов. Ингэхээр орлого багатай, мөнгөгүй иргэн бол халдвар авсан, үгүйгээ ч мэдэж чадахгүй, бас эмчилгээний багцаа ч авч чадахгүй. Улмаар өвчилснөө мэдэхгүй өчнөөн олон хүн бусдад халдвар тараах эрсдэлтэй байна. Гэтэл албаныхан “Иргэд шаардлагагүй тохиолдолд шинжилгээнд хамрагдаад байх юм” хэмээн мэдээлэх жишээтэй. Яг ийм үндэслэлээр шинжилгээний тоог хязгаарласан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дөрвөн төрлийн түргэвчилсэн оношлуурыг баталгаажуулж, ашиглахыг зөвшөөрчээ. Манай улсын хувьд дотоодын судалгаандаа тулгуурлан Хүний эмийн зөвлөлөөс найман төрлийн оношлуур ашиглахыг зөвшөөрсөн байна. Тэдгээр оношлуурыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан шалгаж, баталгаажуулан, дээд үнийг нь тогтоосон байдаг. Тодруулбал, найман оношлуурын жижиглэнгийн үнэ нь 11050-20000 төгрөг. Бөөний үнийн дээд хязгаар нь 8500-16000 юм байна.
Гэтэл түргэвчилсэн шинжилгээ авдаг хувийн лабораториудад дээрх үнэ 10000-40000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ бол жижиглэнгийн үнийн дээд хэмжээгээр бодсон тоо. Харин лабораториуд оношлуураа бөөнөөр нь авдаг гэж тооцвол үүнээс ч илүү зөрүү гарах юм. Тухайлбал, хувийн лаборатори, эмнэлгүүдэд түргэвчилсэн шинжилгээг хамгийн хямддаа 27000-30000, цаашлаад 50000-60000 төгрөгөөр авдаг аж. Жишээ нь, “Гялс” анагаах ухааны төвд түргэвчилсэн шинжилгээг 60000 төгрөгөөр авдаг гэнэ. Яагаад ийм үнэтэй байгааг лавлахад “Манайх илүү сайн оношлуур ашигладаг” гэх юм. Мөн Хан-Уул дүүргийн VII хорооны “Энканто” цогцолборын нэгдүгээр давхарт байрлах цэгт коронавирусийн түргэвчилсэн шинжилгээг 50000 төгрөгөөр авч байлаа. Түүнчлэн “Хаппи веритас”, “Натул” эмнэлэгт 35000 төгрөг гэв. Энэ мэтээр коронавирусийн шинжилгээ хийж байгаа, хувийн хэвшлийн долоон лаборатори улсын хэмжээнд бийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээлсэн.
Түргэвчилсэн шинжилгээг бизнес болгосон хувийн лаборатори, эмнэлгүүдийг шалгаж, ялангуяа үнэд нь хяналт тавьдаг, эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Манайх үүнд хяналт тавьдаггүй” гэв. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хувийн лабораториудад бид хяналт тавьдаггүй” хэмээсэн юм.
“Эмийн сангаас түргэвчилсэн оношлуур авч үзээд эерэг гарсан. Тэгээд өрхийн эмнэлэгтээ мэдэгдтэл “Шинжилгээний хариуг заавал eruul. gov.mn сайт руу оруулж баталгаажуулсан байх ёстой. Үүний тулд эмнэлэг юм уу, лабораторид шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Гэтэл манайд даанч оношлуур алга” гэж хэлсэн. Ингээд хувийн лабораторид дахиад түргэвчилсэн шинжилгээ хийлгэхээс өөр аргагүй болж байгаа юм. Мэдэж байгаа хариугаа баталгаажуулахын тулд 30 000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Улсын эмнэлэг авахгүй юм чинь өөр яах вэ. Гэтэл энэ хэмжээний мөнгө төлж чадахгүй хүн өчнөөн бий шүү дээ. Шинжилгээнийхээ хариуг ингэж баталгаажуулахгүй бол “Ковид-19”-ийн эмчилгээний багц өгдөггүй юм билээ. Тэгэхээр мөнгөгүй хүмүүс шинжилгээ өгч, эмээ авч ууж ч чадахгүй гэсэн үг. Гэрт маань надаас гадна гурван хүн байна. Бүгд ойрын хавьтал болсон. Гэтэл тэднийг анхаарч байгаа хүн ч алга. Халдварын тархалтыг бууруулж, өвчилсөн хүмүүст шуурхай тусламж үзүүлэхийн тулд ядаж өрхийн эмнэлгүүддээ хангалттай оношлуур өгөх хэрэгтэй” гэж Хан-Уул дүүргийн иргэн Б хэлсэн.
Коронавирусийн шинжилгээ хийдэг хувийн эмнэлэг, лабораториудыг хяналт шалгалтад хамруулдаг, эсэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхнаас тодруулахад “Өнгөрсөн наймдугаар сард Хүний эмийн зөвлөлийн хурлаар найман төрлийн түргэвчилсэн оношлуурыг манай улсад ашиглахыг зөвшөөрсөн. Тэдгээрээс өөр оношлуур оруулж ирэх импортын лицензийг манай агентлагаас аж ахуйн нэгж, байгууллагад олгохгүй байгаа. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 43 лабораторид коронавирусийн шинжилгээ хийдэг. Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрсөн оношлууруудыг л тэдгээрт ашиглах ёстой. Манай агентлагийн хувьд эмийн сангуудад зөвшөөрөгдсөн оношлуур борлуулж буй, эсэхийг шалгаж байна. Харин лабораториудын тухайд Эрүүл мэндийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран шалгах төлөвлөгөөтэй” гэлээ.
Бэлтгэсэн М.Оч