Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Нийт шүүгчийн чуулганд 436 шүүгч биечлэн ирсэн бол 26 шүүгч цахимаар оролцсон. Юуны түрүүнд оролцогчид дундаасаа Нийт шүүгчдийн хуралдааныг даргалагчаа сонгосон. Эл хариуцлагатай үүргийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч хүлээв.
Эл чуулганаар гурван гол асуудлыг хэлэлцэж, шийднэ. Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг, хоёрдугаарт, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох юм. Ингэхдээ санал хураалтыг нууцаар мөн, Сонгуулийн ерөнхий хорооныхны тусламжтайгаар явуулах аж. Гуравдугаарт, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргаан хянан шийдвэрлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох, журмыг хэлэлцэн батална.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл чуулганд оролцож үг хэлсэн. Түүний хэлсэн үгэнд шүүмжлэл, зэмлэлийн аяс түлхүү багтжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч “Эрхэм шүүгчид ээ. Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт болон тогтолцоо, зохион байгуулалтад өөрчлөлт хийж ирсэн боловч шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл оршсоор буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан” гэж дурдсан байдаг. Манай цөөнгүй эрдэмтэн, судлаач ч дээрхтэй ижил дүгнэлт хийж ирсэн. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна. Шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье” хэмээн шүүгчдийг “чимхээд” авлаа.
Мөн Ерөнхийлөгч “Өнөөдөр Монгол Улсад анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаагаа явуулж буй. Үүнээс 8 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд байна. Манай дийлэнх шүүх шүүн таслах ажлын зориулалтыг хангахгүй байранд байдгаас шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэргээр иргэдийн эрх зөрчигддөг. Тэр бүү хэл Монгол төрийн шүүх гадаад улсын эзэмшлийн байрыг түрээслэн ашиглаж байгаа тохиолдол ч бий. Шүүхийн байрыг шийдэх асуудал бол угтаа Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал огт биш. Иймээс Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн. Засгийн газар нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээн шүүхийнхэнд тулгамдаж буй чухал асуудлыг мэдэж буйгаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайн баруун талд байрлах нийслэлийн төр захиргааны төв байр болох Хангарьд ордныг Улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг Засгийн газарт өгчээ.
Залуу шүүгч нар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоход идэвхтэй бодитой оролцож, шүүгчдийн эрхийг хамгаалж, өөрсдийг нь бүрэн төлөөлж чадах хүнд итгэл найдвараа өгнө гэдгээ илэрхийлж байв.
Улмаар Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгов. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нар олон санал авч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн болсон.
Мөн Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн анхан шатны шүүхийн дөрөв, давж заалдах шатны шүүхийн тав, хяналтын шатны шүүхийн нэг шүүгч нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар тус тус танилцуулж, шүүгчдийн асуултад хариуллаа. Ингээд Улсын дээд шүүхийн шүүгч Г. Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар хамгийн их санал авч, Сахилгын хорооны шүүгч гишүүн болж, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.
Нийт шүүгчийн чуулганы төгсгөлд Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталлаа.
Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, иргэн төвтэй, хариуцлагатай шүүхийн асуудлаар нийт шүүгчдэд хандаж, үг хэлсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан билээ.
Б.Батаа: Шүүгч нар ард түмэндээ тангараг өргөдөг
Нийт шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Батаатай ярилцлаа.
-Нийт шүүгчдийн анхдугаар чуулганд оролцож буй таны саналыг сонсъё.
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх, эрх мэдлийн байгууллага дотроо засаглах удирдлагын байгууллагатай боллоо. Хэн нэг даргын томилгоогоор бус, хэсэг бүлэг хүмүүсийн заавраар биш бүх шүүгч өөрсдөө оролцоод санаа, оноогоо хэлээд, зарим нь өөрийнхөө нэрийг дэвшүүлээд дотроо нээлттэй, ардчилсан зарчмаар асуудлаа шийдэх боломж нээгдсэн. Энэ бол маш том ололт, давуу тал. Ирээдүйд үр дүн нь бодитой харагдана гэдэг итгэж байна.
-Шүүхийн Сахилгын хороо байгуулахаар болсон. Өнөөдөр Сахилгын хорооны гишүүдийг сонгох гэж байна. Шүүгчид нууц санал хураалтад нэлээд идэвхтэй оролцоно гэсэн байр суурьтай байна.
-Шүүх эрх мэдэл бол засаглалын гурван салаа мөчрийн нэг. Шүүх эрх мэдэл хараат бус, цэвэр тунгалаг, шүүгч ёс зүйтэй байх нь ард түмний амьдрал ахуй, ажил төрөл, аливаа маргаанд эерэгээр нөлөөлнө. Тиймээс шударга ёсны баталгаа болсон шүүгчдээс шууд хамаарна. Шударга шийдвэр гаргахын гол үндэс нь ёс зүй, эрдэм мэдлэг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгож оруулж ирсэн. Үндсэн хуульд бүх байгууллагыг дурдахгүйг бид мэднэ. Шүүхийн Сахилгын хороо байгуулснаар олон нийт хэргийн оролцогч шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн үйлдэлтэй холбоо асуудлаар гомдлоо өгдөг, хянуулдаг болно. Гэхдээ иргэд, олон нийт шүүхийн шүүн таслах ажиллагаанд оролцож огт болохгүй. Гаргасан шийдвэртэй нь холбогдуулан шүүгчийг Сахилгын хороонд өгөх юм бол шүүх бодитой ажиллах, шүүгч хуулиа хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэх юм. Процессын юм уу, тухайн шүүгчийн хувийн зан төлөв, биеэ авч яваа байдал, ур чадвар, харилцаа хандлагын талаар байж болох юм. Харин хэрэг маргааныг хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараагийн шатны шүүхийн хяналтад байх ёстой. Үүнд хөндлөнгөөс өөр хүн оролцвол шүүх эрх мэдэлд гажуудал авчирна. Үүнээс л болгоомжлох учиртай. Шүүхийн Сахилгын хороо үүнийг л зөв тодорхойлох хэрэгтэй. Бид шүүхийн шүүн таслах ажилд хөндлөнгөөс оролцох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй болов уу.
-Сүүлийн үед шүүгч нар шүүмжлэлд өртөх болсон. Ялангуяа, шүүгчийг аливаа хэрэг дээр урьдчилан томилдог гэж харддаг. Энэ журмыг өнөөдөр нэг мөр болгох гэж байна. Танд ямар санал байна вэ?
-Нэрсийн дарааллаар тойрохоор хэрэг хэн дээр хуваарилагдах нь мэдэгддэг. Тиймээс шүүхүүд тойргийн системд ороод удаж байна. Тухайлбал Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар бүхэлдээ Эрүүгийн хэргийн нэгдсэн системээр санамсаргүй тохиолдлоор сонгогддог. Систем нь нэг боловч ачаалал тэнцүүлэх үүднээс зарим хэрэг дээр тухайн шүүх өөрийн зөвлөгөөнөөр шийдээд явдаг. 10 шүүгчтэй бол эхний тав А, дараагийн тав Б бүрэлдэхүүн гээд хуваадаг. Үүнийг улсын хэмжээнд нэг мөр болгох гэж буй. Түүнээс биш системээс хуваарилахгүй, эсвэл хэн нэг шүүгчийг нэр цохоод хэрэг хуваарилдаг шүүх хаана ч байхгүй.
-“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас шүүгч нар нь хараат, авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь сул байна гэж дүгнэсэн. Нээлттэй нийгэм форумоос судалгаа явуулахад мөн таагүй дүн гарсан байсан. Судалгааны дүнтэй санал нийлдэг үү?
-Судалгааны хүрээ, оролцогчид ямар хүмүүс байсан юм бол доо. Миний сонссон, ойлгосноор судалгаанд оролцогчдын дийлэнх нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй энгийн иргэн, гудамжинд явж байсан хэн нэгнээс авсан санал асуулга авсан юм билээ. Сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг таагүй зүйл гарахаар нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нийгэм таагүй хүлээж авдаг. Судалгаанд оролцсон иргэд иймэрхүү хандлагаар хандсан болов уу. Монголд 500 гаруй шүүгч бий. Бүгд ард түмэндээ тангараг өргөсөн. Монгол Улсад шүүгч, цэргийн алба хаагч хоёр ард түмэндээ тангараг өргөдөг. Бусад нь ард түмэнд тангараг өргөдөггүй. Шууд сургууль төгсөөд шүүгч болдог юм биш. Ажилласан жил, туршлага харна, маш олон шат дараалалтай шалгалт давж шүүгч болно. Ийм өндөр босго давж, ард түмэндээ тангараг өргөчихөөд буруу зөрүү байя гэж хэн ч бодохгүй. Олон хүн дотор ямар хүн байгааг би дүгнэхгүй. Гэхдээ л нийтээрээ зөв шударга ёсны төлөө явж байгааг баттай хэлнэ. Ер нь ямар ч маргаан шийдсэн хоёр талд таалагдана гэж бараг үгүй. Тиймээс олонх нь байнгын гомдолтой үлддэг.