Хувийн бизнес нь амжилттай яваа өрхийн тэргүүн А.Мөнх орчин болон хийц, загвар сайтай орон сууц худалдаж авахаар сонирхож буй. Түүний зорилго нь ая тухтай, стресс багатай амьдрах юм. Эл хүслээ биелүүлэхээр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай орон сууцын хэд хэдэн төслийг сонирхжээ. Тэдгээрийн нэг нь Зайсанд байрлах “The white hill residence” орон сууцын хотхон юм. “The white hill residence” төсөл нь орчин үеийн солонгос архитекторын өвөрмөц шийдэл бүхий минималист, эргономик хэв маягийг шингээсэн цагаан өнгийн зохицол бүхий нумарсан эктерьер дизайнтай өндөр зэрэглэлийн орон сууц юм” гэж тус хотхоны танилцуулгад бичжээ. Дээд зэрэглэлийнх гэх тодотголтой тус хотхоны орон сууцын үнэ ч өндөр. Нэг ам метрийнх нь үнэ 4.5 сая төгрөг гэнэ. Уг хотхоноос 94.18 ам метр талбай бүхий дөрвөн өрөө орон сууц худалдаж авахаар сонирхсон тэрбээр 428 сая төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болов. А.Мөнхөд ам метр талбай нь 4.5 сая төгрөг гэсэн үнэ хэт хөөсөрсөн санагдсан тул худалдаж авахаас татгалзлаа. Тэрбээр “Иймэрхүү стандарттай орон сууцын ам метр талбайн үнэ 3.5 сая төгрөг байсан бол татгалзах зүйл алга” гэж ярив.
Орон сууцын үнэ, байршил, барилгын материалын чанараас шалтгаалан ялгавартай тогтдог. Сүүлийн жилүүдэд орон сууцын үнэд автомашины зогсоолын хүртээмж, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын тухлах цэцэрлэгт хүрээлэн зэрэг гадна орчны тохижилт ихээхэн нөлөөлөх болсон. Тиймээс гадна орчныг сайтар бүрдүүлсэн орон сууц өндөр үнэд хүрч байна. Улаанбаатарт чанартай материалаар барьсан, байршил, гадна орчны тохижилт сайтай орон сууцын үнэ өнгөрсөн жилийнхээс 30-50 хувиар өсжээ. Үүнийг А.Мөнх шиг орон сууц худалдан авахаар сонирхож буй хүмүүс үнийн хөөс гэж үзэж буй. Тэд цар тахлын нөхцөлийг далимдуулан барилгын салбарынхан орон сууцын үнийг хөөсрүүллээ гэцгээж байна.
Харин орон сууцын төсөл хэрэгжүүлэгчид хөөс биш, бодит үнэ гэж буй. Тэд үнэ өссөн шалтгааныг барилгын материалын зардлын өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Зарим төсөл орон сууц барих материалынхаа 93 хувийг гадаадаас импортолдог гэнэ. Манай улсад цар тахал энэ жил газар авсантай холбоотойгоор Замын-Үүд-Эрээний боомтоор ачаа, бараа импортлох автомашины тоонд БНХАУ-ын талаас хязгаар тавьсан. Энэ нь ачаа, барааны тээврийн зардлыг нэмэгдүүлэх, татан авах хугацааг хойшлуулж, сөргөөр нөлөөлөв. Үүний улмаас бүх төрлийн барилгын материалын импортын зардал өссөн гэнэ. Мөн зардлын өсөлтийг дагаад барил гын материал худалдаалагчид барааныхаа үнийг нэмжээ. Тодруулбал, барилгын гол орц болох арматурын үнэ тонн нь 3.2 сая төгрөгт хүрсэн аж. Тонн арматурын үнэ өмнөх жил 1.8 сая төгрөг байв. Арматурын үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн нь энэ. Бас цементийн үнэ 50 хувиар өссөн. Дотоодын зах зээлд тонн цементийн үнэ 220 мянган төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жил тонн цемент 150-160 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Тодорхой нарийвчилсан судалгаа байхгүй ч салбарынхан барилга барих өртөг 20 хувиар өссөн гэж баримжаагаар тооцоолж байна.
Барилгын материалын үнийн өсөлт бол энэ жил эхлүүлж буй төслүүдэд бүрэн хамаатай. Харин өмнөх жилүүдэд эхлүүлээд, энэ жил ашиглалтад оруулж буй төслүүдэд төдийлөн нөлөөлөөгүй. Гэтэл энэ жил барилгаа ашиглалтад оруулж буй орон сууцын үнийг дээр дурдсанчлан 30-50 хувиар нэмсэн байв. Тэгэхээр цар тахлыг далимдуулж, орон сууцын үнийг хөөсрүүлжээ гэж үзэх үндэстэй юм. Шинэ орон сууцын үнэ нэмэгдэнгүүт хуучных ч дагадаг “жамтай”. Ингээд орон сууцын зах зээл нийтээр “халуурав”. Өмнөх жилүүдэд эхлүүлээд энэ онд ашиглалтад оруулж барил буй хэд хэдэн төсөл хэрэгжүүлэгчтэй холбогдон, үнийг нь сонирхлоо. Орон сууцын үнийг нь нэмээгүй төсөл алга. Ялангуяа дунд зэрэглэлийнх ч хотхон хэлбэрээр барьж буй, гадна орчны тохижилт сайтай орон сууцуудын үнэ үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь анзаарагдсан. Яармагийн дэнжид шинээр барьж байсан хотхонуудын ам метр талбайн дундаж үнэ өмнөх жил 2.1-2.5 сая төгрөг байв. Тэгвэл өдгөө 3-3.8 сая төгрөгт хүрчээ. Харин гадна орчны тохижилт муутай, барилга хоорондын завсар, хямд материалаар барьж буй орон сууцын үнийг багаар нэмсэн нь харагдав.
“Тэнхлэг зууч” компани сар бүр шинэ орон сууцын зах зээлийн судалгаа хийж, дундаж үнийг нь тодорхойлж буй. Тус компаниас гаргасан судалгаагаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцын ам метрийнх нь үнэ 2.62 сая төгрөгт хүрчээ. Стандарт буюу хэрэглэгчийн шаардлага хангасан орон сууцын ам метр талбайн үнэ 2.1, дунджийнх нь 2.9 сая төгрөгт хүрсэн байна. Хуучин орон сууц өмнөх жилүүдэд дунджаар 1.8 сая төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл ам метр талбайнх нь үнэ өдгөө хоёр сая төгрөг давсан гэнэ. Улаанбаатар хотод өдгөө 370 орон сууцын төсөл хэрэгжүүлж байгаа аж. Үүний 248 нь худалдан авагчдаас захиалга авч буйг “Тэнхлэг зууч”-ийн тайланд дурджээ. Тэдгээрийн 50 хувийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим болон Яармагийн дэнжид орон сууцын олон төсөл хэрэгжүүлж буйг улаанбаатарчууд мэднэ. Тэдгээр орон сууцын ам метр талбайн үнийг мөн л 30-50 хувиар нэмээд буй юм.
Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлэх автомашины тоог БНХАУ-ын талаас өвлийн олимпын дараа нэмэгдүүлнэ гэж албаны хүмүүс таамаглаж буй. Тэгэхээр ирэх оны хавраас импортын барааны эргэлт саадгүй болж, тээврийн зардал багасах нь ойлгомжтой. Тухайн үед барилгын материалын үнэ ч буурах нь дамжиггүй. Үүнийг дагаад орон сууцын үнэ ч хямдарна гэсэн хүлээлт бий. Өдгөө орон сууцын үнийг хөөс гэж үзэх үндэстэй тул бүү худалдан ав гэж зөвлөе. Хил гаалийн саад тотгор арилж, үнийн хөөс нь хагарахыг хүлээх хэрэгтэй.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд орон сууцын ипотекийн санхүүжилтийг жилийн 700 гаруй тэрбум төгрөгт хүргэж, хоёр дахин нэмсэн. Ипотекийн зээл олголт 2.8 дахин нэмэгдсэнийг Төвбанкнаас дуулгаж байна. Зээлийн эх үүсвэрийг нэмсэн нь орон сууцын үнийг хөөрөгдөх өөр нэг шалтгаан юм. Тиймээс иргэдэд хөөсөрсөн өндөр үнэтэй орон сууцыг урт хугацаатай зээлээр худалдан авч, санхүүгийн дарамтаа нэмэхгүй байх нь зүйтэйг сануулъя.