Сэмэрч өгөршсөн самбаа шар хадгийг хүзүүгээр нь ороосон, морин толгойн чих, сагнай буюу хөхөл хэсгээр элэгдсэн, үндэсний хөгжим судлаачдын үзэж буйгаар XVIII зууны сүүл үеийнх болох энэхүү морин хуур өдгөө Нидерланд улсад байна. Тус улсын эртний хөгжмийн зэмсгийн дэлгүүрт худалдахаар тавьсан байхыг харсан Рони хэмээх голланд залуу Монгол руу, алтай ятгын багш Д.Ганпүрэвт энэ тухай дуулгажээ. Зөвлөлт, Оросын нэрт кино найруулагч, “Монгол” хэмээх бүтээлээрээ илүүтэй бидний танил болсон С.Бодров уг киноны ажлаар манай улсад судалгаа хийж явахдаа хөдөөгийн нэгэн айлаас худалдаж авч яваад, “Монгол”-доо дүрсийг нь хальтхан багтаасан гэх түүхтэй аж. Соёл судлаач Д.Ганпүрэв үүнийг монголчуудын өв, соёлын чухал судлагдахуун хэмээн үзэж буй бөгөөд нийгмийн сүлжээн дэх нөхдөдөө хандаж “Түүх, соёлын үнэт өвөө алдчихгүй юм сан” гэсэн утгатайгаар мэдээлэхэд түүний шавь, алтай ятга суралцаж буй Рони уг хуурыг багшдаа бэлэглэхээр худалдаж авсан байна.
Язгуур урлаг, тэр дундаа эртний хөгжим судалдаг багшаас нь уг зэмсгийг хэзээ Монголд авчрах тухай асуухад “Яарах хэрэггүй болов уу. Аль, аль талын судалгааг сайтар хийж хөдөлгөсөн нь дээр байх. Монголчуудын соёлын чухал өв болох элементийг манай улсын хилээр хэрхэн хээвнэг аваад гарчихсан нь хачирхалтай санагдаж байна” хэмээв.
Найруулагч С.Бодровын гэргий уг хуурыг нэгэн найздаа бэлэглэсэн аж. Гэтэл найз нь урлагт хайнга нөхөр байв уу, худалдахаар дэлгүүрт тавиулаад байхад нь монгол соёлд дурласан голланд залуу таарснаар “аврагджээ”. Юутай ч монгол үндэсний хөгжмийн зэмсгийн судалгаа нэгэн чухал биет баримтаар баяжих нь гарцаагүй болсонд талархаад баршгүй.
Бэлтгэсэн Р.Оюунаа