Жил бүрийн аравдугаар сарын 10-нд олон улсад Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод 29 дэх жилтэйгээ золгож байна. Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1992 онд анх санаачилсан энэхүү өдөр нь НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад багтдаг. Энэ утгаараа дэлхий дахинд өндөр ач холбогдол өгдөг. Манай улсын тухайд 2011 оноос уг санаачилгад нэгдсэн бөгөөд энэ жил 11 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Уг өдрийн гол зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үүнд хувь нэмрээ оруулах явдал гэж ДЭМБ тодорхойлжээ.
Мөн “Эрүүл мэнд бол зөвхөн өвчин, бие махбодын согог биш. Хүний оюун санааны болон нийгмийн сайн сайхан байдал ч эрүүл мэнд юм” гэж тодотгосон байна. Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийн хүрээнд ДЭМБ-аас жил бүр тодорхой уриалгыг дэвшүүлж иржээ. Жишээ нь, 1996 онд эмэгтэйчүүдийн, 1997 онд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг уриалсан байна. 1998 онд “Сэтгэцийн эрүүл мэнд, хүний эрх”, 1999 онд “Сэтгэцийн эрүүл мэнд, хөгшрөлт”, 2003 онд “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэг” гэхчлэн хүн ба нийгмийн харилцаан дахь сэтгэцийн эрүүл мэндийн бүхий л талын асуудлыг хөндөж иржээ.
“Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжүүдтэй танилцаж, өдөр тутмын үйл явдлын мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах нь чухал” гэж уг зөвлөмжид дурдсан байна. Мөн өдөр тутамд хэвшүүлсэн дэглэмтэй байх, тэгэхдээ илүү сонирхолтой дадал хэвшүүлэх, үүнийгээ тогтмол мөрдөж, гүйцэтгэхийг хичээхийг зөвлөжээ. Түүнчлэн тогтмол цагт унтаж, босож хэвших, дасгал хийх нь муу бодлоос салгах үр дүнтэй арга учраас бие махбод, насандаа зохицсон хөдөлгөөнийг хийж хэвших, сэтгэлийн түгшүүр, айдас, ганцаардал, гуниг, зовлонг архи ууж мартах нь хамгийн буруу арга учраас аль болох үүнээс зайлсхийхийг сануулсан аж.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дахинд сэтгэцийн эмгэгтэй 450 сая гаруй хүн бий аж. Ялангуяа барууны орнуудад долоон хүн тутмын нэг нь сэтгэл гутрал, архидалтад өртөмтгий гэжээ. Түүнчлэн “Европын бүс нутаг дахь сэтгэцийн өвчний тархалт” тайлангаас нь үзэхэд тус тивийн 165 сая орчим хүн сэтгэцийн өвчнөөр шаналж байна.
Мэдээллийн хэт ачаалал, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, доройтол хүмүүсийг стресст автуулж, сэтгэлийг нь түгшээж, улмаар бие махбод өвчлөх шалтгаан болдог аж. Тиймээс Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбоо, үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт нэгдэхийг хүн төрөлхтөнд уриалсан байна.
2020 онд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрөөр “Сэтгэцийн эрүүл мэнд хүн бүрт хамаатай” уриалгыг ДЭМБ-аас дэвшүүлжээ. Тэгвэл өнөө жил “Хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавья” уриан доор уг өдрийг тэмдэглэхээр болсон аж. Энэ оны тавдугаар сарын 28-нд болсон Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассемблейд оролцсон олон улсын Засгийн газруудын төлөөлөл сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг бүх түвшинд өргөжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, санал нэгджээ. Учир нь “Ковид-19” цар тахал хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлж байгаа учир улс орон бүр үүнд анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон байна. Эмнэлгийн ажилтнууд, ялангуяа улаан бүс дэх эмч, сувилагч, асрагч, оюутнууд гэхчлэн хүн амын зарим бүлэг цар тахлаас улбаатай сэтгэл зүйн хямралд илүү өртөж байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд мэдээлжээ. Тиймээс хувь хүн сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьж, бас бусдад дэмжлэг үзүүлэх талаарх хялбаршуулсан танилцуулга, гарын авлагыг олон улсад түгээхийг зорьж буй гэнэ.
Тухайлбал, сэтгэцийн эрүүл мэндээ “халамжлахад” юуг анхаарах талаар ДЭМБ-аас зөвлөмжөө танилцуулжээ.
Эдгээрийг сонсоход энгийн мэт боловч өдөр тутам мөрдөж чадвал сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэхгүй, амгалан амьдрах гол түлхүүр болдгийг ДЭМБ-аас зөвлөсөн байна. Манай улс ч энэ жил сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг олон нийтэд түгээхэд анхаарахаар төлөвлөснийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал, ДЭМБ-ын “Хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавья” уриалгын хүрээнд нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах зөвлөмжийг олон нийтэд өргөн хүрээнд түгээхээр болжээ.
ДЭМБ-ын анхны ерөнхий захирал, Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгч асан, Канадын эрдэмтэн Брок Чисхольм “Сэтгэцийн эрүүл мэндгүйгээр саруул ухаан, сайн бие махбод байх боломжгүй” хэмээсэн байдаг. Тэрбээр “Сэтгэцийн хувьд эрүүл байхад олон цаг, онцгой хэрэгсэл хэрэггүй. Өөрийн төлөө өдөрт багадаа 20 минут зарцуулж чаддаг байхад л хангалттай” гэж зөвлөжээ. Хувь хүн болон нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг байнга, зогсолтгүй хөндөх учиртай. Энэ утгаараа Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр бол ганцхан өдрийн үйл явдал биш. Гагцхүү энэ асуудалд анхаарал хандуулахыг сануулж, уриалахад л зориулсан товлолт өдөр юм.