Францын шигшээ болон ПСЖ багийн довтлогч К.Мбаппе саяхан “L’Equipe” сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын онцлох хэсгээс товчлон сонирхуулъя.
ФРАНЦЫН ШИГШЭЭ
“Евро-2020” тэмцээнээс “гурван өнгөтнүүд” хасагдсаны дараа тэрбээр асар их шүүмжлэлд өртсөн. Чухам К.Мбаппе Швейцарын эсрэг тоглолтод шийдвэрлэх торгуулийн цохилтыг алдсан билээ. “Шигшээ багийн төлөө тоглосныхоо төлөө би нэг ч евро авч байгаагүй, хэзээд цалин мөнгөгүй тоглосоор байх болно. Үүнийхээ зэрэгцээ багтаа хэзээ ч асуудал үүсгэхийг хүсэж байгаагүй. Гэвч шигшээдээ асуудал үүсгэж эхэллээ гэсэн бодол надад төрсөн. Бусад тоглогч ч мөн тэгж ярьж эхэлсэн. Миний эго Францын шигшээ багийн ялагдлын шалтгаан болж байна, намайг хэтэрхий их зүйл хүсэж байна, надгүйгээр баг ялах байсан гэж тэд ярьж байлаа. Францын шигшээ миний хувьд тун чухал, хэрэв баг маань надгүйгээр аз жаргалтай байх юм бол би шигшээг орхиход бэлэн. Хүмүүс намайг Швейцарын эсрэг торгуулийн цохилтоо оруулаагүйн төлөө сармагчин гэж дуудаж буй нь таалагдахгүй байгаа талаар би Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноэл Ле Гретэй уулзахдаа хэлсэн. Би мэдээж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ л хүнд үед намайг хүмүүс илүү их дэмжиж болох л байсан”.
БҮТЭЛГҮЙТСЭН НАЙМАА
ПСЖ дэх миний үе дуусаж байна гэж бодсон. Өөр багт тоглохыг маш их хүсэж байлаа. Энэ багтаа багагүй хугацаанд тоглосон, их амжилтад хүрсэн учир “Реал”-д очсоноор би дараагийн алхмаа хийх байсан юм. Гэрээ гээ сунгах, эсэх тухай шийдвэрээ гаргахад хугацаа хэрэгэй гэж би багийн удирдлагад хэлсэн. Европын аваргын өмнө гэрээгээ сунгахыг би хүсээгүй. Харин тэмцээн дууссаны дараа багаасаа явахыг хүссэн. Эл солилцоо багт ямархуу ашигтай талаар, намайг зарснаар баг хэр орлого олох вэ гэдгийг би ойлгож байлаа. Баг маань намайг орлох хүнийг олж, харин би дараагийн алхмаа хийх байв. “Реал”-д очих солилцоо бүтээгүйд би их цочирдсон ч нөхцөл байдлыг одоо нэгэнт давж гарсан.
Л.МЕССИТЭЙ ХАМТ ТОГЛОХ НЬ
Хэрэв жилийн өмнө надад Л.Месси ПСЖ-д тоглоно гэж хэлсэн бол итгэхгүй байх байлаа. Түүнийг ирэхийн өмнө миний сэтгэл их хөдөлж байсан. Манайхан бүгдээрээ л түүний тухай ярьж байлаа. Бид нар тусдаа одууд байж болохгүй, бид хамтдаа гар нийлж тоглох ёстой. Гэхдээ л Месси бол Месси, бид түүнийг ядраахгүй байлгах, мөн гоол оруулах боломж олгох зорилгоор бусад тоглогчоос бага гүйх боломжийг гарцаагүй гаргаж өгөх ёстой. Мессиг талбайд байгаа цагт би илүү их гүйхдээ баяртай байх болно.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар