Сүүлийн үед коронавирус халдварын улмаас өдөрт эндэх хүний тоо 14-өөс буурахгүй байна. Манайх шиг цөөхөн хүн амьтай улсад өдөрт 10 гаруй иргэн халдварын улмаас нас барж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Мөн өнөөдрийн байдлаар халдвар аваад гэрээр эмчлэгдэж байгаа 55363 иргэн байна.
Гэрээр эмчлэгдэж байгаа эдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс олгодог эмийн багцыг өгөх санхүүжилтгүй болжээ. Иймд иргэдэд эмийн багц олгох боломжгүй болсон нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгүүдэд эмийн багцыг худалдаж авах санхүүжилт нь орж ирээгүй улмаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаас зээлээр коронавирусийн халдварын эсрэг эмийн багцыг авах гэрээ хийхээр яригдаж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Иргэдэд олгодог эмийн багцыг тасалдуулахгүй байх үүднээс ийнхүү эм ханган нийлүүлдэг байгууллагуудтай гэрээ хийж, урьдчилсан байдлаар коронавирусийн халдвар авсан иргэдэд эмийг нь тасалдуулахгүй байх арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.