Гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, боловсруулснаа парламентын даргад өргөн барив. УИХ-ын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өнгөрсөн оны тавдугаар сард шинэчлэн баталсан. Ингэхдээ уг хуулийн 42 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан. Тодруулбал, хууль тогтоогчид бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хашиж болохоор тусгасан юм. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 8.1.7-д гишүүн нь “УИХ-ын дарга, дэд дарга, байнгын, дэд болон түр хорооны дарга, УИХ-ын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт бий. Гэхдээ УИХ-ын гишүүн нь Олон улсын парламентын холбоо зэрэг хууль тогтоогчдын үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын болон төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд “очих” боломжийг эдгээр заалт хаасан гэж тэд үзжээ.
Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, УИХ-ын бодлогыг олон улсын, төрөлжсөн байгууллагын шийдвэрт тусгуулахын тулд тухайн холбооны сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдгийг ч тэд онцлов. Иймд тухайн байгууллагын өдөр тутмын зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байх заалт нэмэхээр төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, парламентын гэх тодотголтой олон улсын байгууллагын албан тушаалд нэр дэвшин, сонгогдох эрхтэй байхаар хуульчлах нь. Ингэснээр УИХ-ын гишүүд төрийн бус болон олон улсын байгууллагын удирдах албанд ажиллах боломжийг өөрсдөдөө бүрдүүлэх бололтой.
Уг нь УИХ-ын тухай хуулийг шинэчлэхдээ гишүүдийг төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хашихыг хориглосон байв. Тухайн үед гишүүн С.Бямбацогт “Гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч хоёрхон сарын дараа буюу 2020 оны долдугаар сард өөрчлөлт оруулснаар тэд төрийн бус байгууллагын удирдах албан тушаал хаших эрхтэй болчихсон. Энэ нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг өнгөрсөн сард Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгоход илүүтэй анхаарал татах жишээтэй. Тэр ч бүү хэл, эл өөрчлөлтийг 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн өнөөгийн парламент анхдугаар чуулганаараа хийсэн байдаг. Тэд тангараг өргөхөөсөө өмнө хувийн компани, олон улсын болон төрийн бус байгууллагын дарга, тэргүүн, ерөнхийлөгч, захирал гэх мэт “давхар дээл”-ээ тайлчихсан байх ёстой атал хуулийг нь өөрчилж, өөрсдийнхөө зоргоор аашилсан хэрэг. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Аливаа хууль Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заалт бий. Бид хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасны дагуу тангараг өргөсөн. Тодруулбал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа тангарагласан. УИХ-ын гишүүний тангарагт өмнө нь ийм үг байгаагүй. УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсрах нь ашиг сонирхлын зөрчил бий болгодог. Өмнөх парламентад 76 гишүүн 300 орчим төрийн бус байгууллагын даргын албан тушаалыг хавсарч байлаа. Эрийн гурван наадмын төрлөөс эхлээд спортын бараг бүх холбоог тэргүүлж байсан. Мөн өөрийнхөө нэр дээр сан байгуулж, тэргүүнээр нь ажиллах явдал хавтгайрсан. Үүнээс гадна нутгийн зөвлөлөө тэргүүлэх нь нийтлэг ажиглагддаг. Энэ нь хүсээд байх зүйл биш. Хууль тогтоогчид УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэхээс илүү тухайн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг эрхлэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдох, барьцаалагдах, шалгагдах магадлал их. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гишүүд нэг гартаа төр барьж, нөгөө гараараа иргэний нийгмийг төлөөлөн, хоёр нүүртэй байх нь боломжгүй” хэмээн анхааруулсныг эцэст нь сануулъя.