ОХУ-ын сэтгэлзүйч, гэр бүлийн харилцааны судлаач Наталья Наумова хүүхдүүдийг гар утсаар тоглуулахгүйн тулд дуртай зүйлийг нь зөв олж, тодорхойлох нь дэлгэцийн хамаарлаас сэргийлэх хамгийн зөв арга гэж мэдээлэв. Касперын лабораторийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны тайланд дурдсанаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь чөлөөт цагаа гар утсаа оролдож өнгөрүүлдэг бол сургуулийн насныхны 80 хувь нь ухаалаг гар утасгүйгээр юу ч хийх боломжгүй гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл, ухаалаг гар утас байхгүй бол би юу ч хийж чадахгүй гэсэн үзэл хүүхдүүдэд суусан байна. Энэ бол аль ч улсын хувьд учирч байгаа асуудал бөгөөд хүүхдийг дэлгэцийн хамаарлаас хэрхэн салгах ёстойг Наумова зөвлөжээ. Түүнийхээр бол гар утсыг нь албадан хурааж авах, “маажуулахгүй” хориглох нь хүүхдийг улам донтуулахад түлхэц болно. Үүний оронд хэрэглэх хугацаанд нь хяналт тавих ёстой. Хүүхдэдээ ухаалаг гар утас авч өгөхөөсөө өмнө хэрэглээний талаарх дүрмээ тохиролцоод, аав, ээжийн заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд хурааж авахаа маш тодорхой хэлж, зөвшөөрүүлэх ёстой гэнэ. Ингэхдээ бага ангийн сурагч өдөрт дээд тал нь 1.5 цагийг гар утсаа “оролдоход” зориулахаар тохиролцох ёстой. Дунд ангийнхны хувьд энэ хугацааг 3-4 цаг болгож өсгөнө. Ингэхдээ дундаа завсарлах хугацааг тооцох хэрэгтэй аж. Түүнчлэн гар утаснаас өөр юунд дуртайг нь мэдэх. Үүний дагуу дараагийн төлөвлөгөөгөө боловсруулахыг зөвлөжээ. Өөр нэг чухал зүйл гэвэл, гар утас ашиглан захидлаар харилцах нь илүү үр дүнтэйг мэдрүүлснээр хүүхдийг тоглоомоос тодорхой хэмжээнд холдуулж болох гэнэ.
Бэлтгэсэн Ж.Хаан