Монголын анхны гар утас хэмээн нэрлэх болсон “Хулан-21”-ийг бүтээж буй “Эхлэл брэнд” компанийн удирдлагыг гаалийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр Тээврийн прокурорын газраас зөрчлийн хэрэг нээжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын карго терминалд есдүгээр сарын 30-нд 4440 гар утсыг эд анги нь болох эх хавтан, таг, гэр хэмээн гаальд мэдүүлж татвараас зайлсхийсэн гэнэ. Улмаар 62.3 сая төгрөгийн татвар төлсөн байж. Уг нь тус компанийнхан 238.2 сая төгрөгийн гаалийн татвар төлөх ёстой атал ийнхүү багыг төлж, нийт 175.9 сая төгрөгөөс зайлсхийсэн юм байна. Энэ талаар өнөөдөр ГЕГ-ынхан мэдээлэл хийхээр товлов.
Харин “Эхлэл брэнд” компанийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа цахим хуудсандаа “Гаалийн мэдлэггүйгээс болж миний бие хууль тогтоомж үнэхээр ноцтой зөрчжээ. Гаалийн байгууллага хийх зүйлээ л хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу. ГЕГ-аас албан ёсоор уучлал гуйж байна. Энэ долоо хоногт асуудлаа шийднэ. Монголын технологи жижгээр ч хамаагүй урагшилж л байх ёстой. Өнөөдөр манай улс жижиг байж болно. Ирээдүйд бидний тархинаас дэлхий үнэртэх болно” хэмээсэн байна.
Бидний авсан мэдээллээр “Эхлэл брэнд” компанийнханд Зөрчлийн тухай хуулийн 11.21- 1.2 дахь хэсэгт заасан “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж буй гэнэ.
Бэлтгэсэн Г.Равжаа