Мод тарих нь угтаа Засгийн газар тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хийх ажил. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газраасаа өрсөн, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо “2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажил эхлүүлэх гэж байна” гэж мэдэгдлээ. Санаачилгыг нь төрийн яамд, харьяа агентлагууд, хотын удирдлага нь дуу дуугаа аван дэмжив. Бүгд л “Манай яам, агентлаг тэрбум тод тарих аянд нэгдэж байна” гэхчлэн мэдээлэл гаргаж, бусдыгаа нэгдэхийг уриаллаа. Тэр болгондоо Ерөнхийлөгч зөв зүйтэй санаачилга гаргажээ хэмээн ПИАР хийх маягтай. Эрдэмтэд хүртэл нэгдэж, нэг тэрбум мод тарих амархан, боломжтой ажил гэх зэргээр бас л Ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөж буй. Түүгээр барахгүй нийгмийн инфлүсер гэгддэг хэд хэдэн хүн мод тарих ажилд бие сэтгэлээрээ нэгдэхээ цахимаар илэрхийлж харагдана лээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн нэр хүндээ өсгөх ПИАР буюу тэрбум мод тарих санал санаачилга газар авч, үндэсний хөдөлгөөн боллоо. Харин долоо хоногт 100 гаруй хүний амь авч буй “Ковид-19” цар тахал мартагдаж, орхигдож эхлэв.
Давтан хэлэхэд, МАН төрийн эрх барьж, засаглаж, бүгдийг хараа, овоондоо байлгаж буйгаа ашиглан хүйтний ам наашилсан эл өдрүүдэд коронавирусийн дэгдэлт, гарах сөрөг үр нөлөө, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажил зохион байгуулах бус мод тарина, ногооруулна хэмээн дээр дооргүй ПИАР хийж буй. Өнөөдөр гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг хүргүүллээ. Тус зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар танилцуулсан. Зарлигаар Монгол Улсын ДНБ-ий нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх, Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов. Иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, технологийн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэх гэсэн таван чиглэл багтжээ.
Ийн НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгчийн “том” ам гарсныг хэрэгжүүлэхээр намынхан нь аппаратаараа ажиллаж эхлэв. Тодорхой хэлбэл, намын харьяаллаар албан тушаалд очсон дарга нар эл санаачилгыг үндэсний хэмжээний ажил болгон ил цагаанаар сурталчилж, эрдэмтэд дэмжиж, олон нийтийг уриалсан өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Салбарын сайдын хэлснээр манай улсад ойн мэргэжлийн 1078 байгууллагатай. Тэдгээрийн 224 аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлт, ойжуулалт, нөхөн сэргээлт дагнасан үйл ажиллагаа явуулдаг гэх. Өмнө нь тэдгээр байгууллагад БОАЖЯ ямар чиглэл, бодлогын ямар зөвлөмж өгч ирсэн бэ. Үүний дагуу хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрэв гэдгийг олон нийт мэдэхгүй, юу хийсэн нь ч тодорхойгүй байна. Харин Монгол орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртчихсөн нүцгэн үнэн.
Өдгөө Ерөнхийлөгч санаачилж байж, Н.Уртнасан сайд дээрх санаачилгыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхдээ дээрх ойн мэргэжлийн байгууллагынхаа ир чадлыг одоо л сорих юм гэнэ. Тодруулбал, ирэх 10 жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан 120 сая га-д мод тарьж, цөлжилтийг 4 хувиар бууруулна. Мөн одоо 7.9 хувьтай байгаа ойн сангаа 9-д хүргэж, хүлэмжийн хийг 600 мянган тонноор бууруулах гэнэ. Үүний тулд 10 жилд 4.3 их наяд төгрөг босгох шаардлагатай.
Ингэхдээ нэгдүгээрт, ДНБ нэгээс багагүй хувийг ойжуулахад зарцуулна. Хоёрдугаарт, улс, орон нутгийн төсвөөс 30 хувийг бүрдүүлнэ. Гуравдугаарт, хувийн хэвшлээс санхүүжилтийг 45 хувийг гаргуулна. Дөрөвдүгээрт, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 20 хувийг нь босгох аж. Өнөөдрийн байдлаар байгаль орчны салбар дахь байгууллагууд 130 сая долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эцэст нь энэ ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахаар төлөвлөжээ. Өнөөдрөөс эхлүүлж буй Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нэгдүгээр шат буюу бэлтгэл үе 2021-2024 онд дуустал үргэлжилнэ. 2024-2026 д уг ажлаа идэвхжүүлнэ. 2027-2030 он тогтвортой үргэлжлэх үе аж.
Ийнхүү хэд хэдэн ажлын хэсэг байгуулж, баахан төлөвлөгөө гаргаж, төсөв мөнгө босгох ажил өрнүүлж эхлэв. Харин амьдрал дээр хувийн аж ахуйн нэгжүүд л эл ажлыг бодитоор эхлүүлэх бололтой. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн 10 жилийн хугацаанд 20-100 сая мод тарина гэдэг тодорхой тоо хэлжээ. Эсрэгээрээ төрийн байгууллагаас санал санаачилгыг дэмжиж нэгдлээ гэснээс бус тодорхой төлөвлөгөө танилцуулж тоо хэлсэн нь алга. Тиймээс төрийн байгууллагууд хэлж ярьж байгаа шигээ хэрэгжүүлж чадах уу гэдэг нь бүрхэг байна. БОАЖЯ өнгөрсөн жилүүдэд ойгоос мод тайрах зөвшөөрөл түлхүү өгч, УУХҮЯ газрын хэвлийг тасралтгүй ухаж төнхөж ирснээс бус сэргээж, тордож ирсэн түүх ховор.
Үүнээс гадна хожим харамсахгүйн тулд 10 жилийн дараа ойжуулах үндэсний хөдөлгөөн үр дүнгээ өгөх үү гэдэгт одооноос хяналт тавъя. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын өмнө Монголын нэрийг барьж, ард түмнийг итгэлийг даллан байж худал хэлсэн бол хариуцлага нэхье. “Санаа нь уг нь сүү байсан юм. Даанч жаахан бүтэл муутай юм болчихлоо” хэмээн толгойг нь илэхгүй байя.
Шуудхан хэлэхэд У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилга биелэх, эсэх нь гол бус хожим улстөрд үлдэх, байр сууриа хадгалах гэсэн алсаа харсан нүүдэл болов уу хэмээн судлаачид таамаглаж байгааг энд онцолъё. Удаа дараа хууртагтаж ирсэн сонгогчид ч дээрх хардлагад итгэж буйгаа нуухгүй эхнээсээ илэрхийлж байна. Тиймээс тэрбум мод тарих хулхины байж мэдэх төлөвлөгөөнд тань бүх нийтээрээ татагдаж, 2030 он хүртэл хууртагдмааргүй байна. Өнөөдөр Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр хэлсэн сэтгэл хөдөлгөм амлалтаа заавал биелүүлээрэй, Ерөнхийлөгч өө.