УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг дэлгэсэн юм. Тодруулбал, Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэл, иргэн бүрд 30 сая төгрөгийн гадаад өр ногдож байна гэдгийг Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийллээ. Мөн коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1222 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид халдварын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна гэсэн нэрийдлээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь өрх болгонд 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан юм хэмээн Ардчилсан намаас намрын чуулганы үеэр ийнхүү мэдээлэв.