УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Цэц их суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон талаар мэдээлэл сонссон байна. Эл хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, гишүүн Б.Энхбаяр дээрх шийдвэр болон холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулав. Тэрбээр уг их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлж, тайлбар хийсэн. Түүнчлэн их суудлын хуралдааны шийдвэр нь нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар гарах ёстой. Гэтэл ердийн олонх буюу 5:4 харьцаагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болохыг гишүүн Б.Энхбаяр тэмдэглэсэн. Тэрбээр “Цэцийн шийдвэр жишиг тогтоодог. Үндсэн хуулиа зөрчсөн, давсан буруу жишиг тогтоож байгаа учраас үүнийг бид залруулах үүрэгтэй. Урьд нь УИХ-аас баталсан ч ёсчлогдоогүй хуулийг Цэц хэлэлцэн, Үндсэн хуулиа зөрчиж байсан. Үүнийх нь төлөө УИХ Цэцийн даргыг огцруулсан түүх бий” гэж байлаа. Улмаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дээрх шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгүүлэхээр УИХ-ын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв.
Хуралдааны үеэр гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүдэд улс төрийн биш, эрх зүйн талаас нь анхааруулж, аюулын харанга дэлдэхгүй бол Үндсэн хуулийн хямрал руу маш хурдтай алхаж байна. Үндсэндээ бид Цэцгүй боллоо. Үндсэн хуулийг хамгаалах хүмүүс нь УИХ, тэр дундаа Хууль зүйн байнгын хороонд үлдлээ. Маргааныг эцэслэхийн тулд л Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц ажилладаг. Гаргасан шийдвэртэй нь санал нийлэх, нийлэхгүй байж болох ч эцсийн дүндээ нийтийн эрх ашгийн үүднээс, том зургаар нь харвал тэр маргааныг мухарласан байх ёстой. Ингээд амьдрал үргэлжилнэ. Ийм биш бол эрх зүйт төр гэж байхгүй. Эцэс төгсгөлгүй маргаад байвал энэ улс орны амьдрал яаж өөдлөх юм бэ. Үндсэн хуулиар Цэцийн үүргийг маш тодорхой тогтоосон. Үндсэн хуулийн 66.2.3-т “… Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж, эцсийн шийдвэрийг гаргана” гэх заалтыг Цэц улайм цайм зөрччихсөн байна шүү дээ. Хамгийн аюултай нь тухайн дүгнэлтийг хэлэлцээгүй байж хүсэлт гаргасан хүн нь зөвшөөрөөгүй учраас хүчингүй болголоо гээд шийдвэрлэчихэж байгаа юм” гэсэн бол гишүүн Ж.Сүхбаатар “Цэцийн шийдвэрүүдийг задлан шинжилмээр байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд сая эрдэм номтой, улс төрөөс хараат бус, хэн нэгний гар, хөл болоогүй хүнийг Үндсэн хуулийн цэцэд томилсон. Ж.Эрдэнэбулган доктор бол насаараа багшилсан, хуулийн хүн. Дараагийн хүнийг ч Дээд шүүх олон дахин шүүж, тунгаасны эцэст удахгүй томилох гэж байна. Цэцийн зарим гишүүн улс төрийн сонирхлоор томилогдсон нь нууц биш шүү дээ. Улс төрийн өндөр мэргэшилгүй, хууль зүйн шаардлага хангахгүй хүмүүс Цэцэд бий. Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчвөл анх илгээсэн, томилуулахаар санал болгосон байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татах хариуцлагын арга хэмжээг Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тодорхой заах шаардлагатай. Зөвхөн гэмт хэрэг үйлдвэл л эгүүлэн татна гээд бүдгэрүүлчихсэн. Холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгох замаар Цэц үүнийг хийсэн. Сая болсон их суудлын хуралдаанаар хэлэлцсэн асуудал бол хууль тогтоогчдын хийж буй шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн, өмнөх албан тушаалтны захиалгаар хийсэн алхам байсан. Одоо өөрсдийгөө авч үлдэхийн тулд ийм шийдвэр гаргаж байгаа юм. Бид үүнд нь хуулиар л хариу барих ёстой. Хуулийг нь өөрчилж, шаардлага хангахгүй байгаа хүмүүсийг нь явуулах хэрэгтэй. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдалд халдсан хэрэг болохгүй” хэмээж байлаа.
Мөн гишүүн Д.Ганбат “Үндсэн хуулийн цэцийн одоогийн байдал нь өнөөгийн нийгмийн тусгал шүү дээ. Хэтрүүлж хэлбэл, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд утсан хүүхэлдэйнүүд л байна. Хүүхэлдэйнүүдийн утаснаас барьсан хүмүүс нь энд сууж байна. Харин Ерөнхийлөгч энэ асуудалд зөв хандлаа. Шүүхийн шинэтгэл амьдралд биеллээ олоод явах нь. Гэхдээ Үндсэн хуулийг биелүүлэхээ больж. Цэц хуулиа биелүүлэхгүй байхад бусад хуулийг хэрэгжүүлэх тухай ярих нь утгагүй. Хууль дээдлэх зарчмын хүрээнд улс орныг удирдах боломжгүй, иргэдэд нь ч тийм итгэл үнэмшил алга. Хэрэв Үндсэн хуульдаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой бол өнөөгийн олонход л боломж бий” гэв.
Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа аж. Төслийг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэх бололтой. Улмаар эдгээр хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгууллаа. Мөн өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй, ахлагч нь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт. Бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул (Ерөнхийлөгч Х.Баттулгын үед) байсныг хасаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалыг оруулжээ. Гэхдээ зөвлөхөөр томилогдохоосоо өмнө буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын хувиар уг ажлын хэсэгт багтаж байсан бөгөөд түүний оронд тус сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор О.Мөнхсайханыг томилсон байна. Түүнчлэн тэд ирэх сард байнгын хороогоороо хэлэлцэх асуудлын цаглавар баталжээ. Хууль зүйн байнгын хорооны хувьд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хуульчийн эрх зүйн байдлын болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сард баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Б.Уран