Төслийн эдийн засгийг хөгжүүлэн, менежментийг нь сайжруулж, удирдлагын олон улсын стандарт, шилдэг туршлагыг Монголд таниулах зорилготой “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдэвт бага хурлыг өнгөрсөн баасан гарагт “Шангри-Ла” зочид буудалд хийв. Уг бага хурлыг PMI (Project management institute) байгууллагын Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас зохион байгууллаа. PMI нь төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаарх мэдлэг олгон, туршлага хуримтлуулахад туслан, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт явуулдаг ашгийн бус, олон улсын мэргэжлийн холбоо юм. 195 улсад бүртгэлтэй, 300 гаруй салбартай, 600 000 орчим гишүүнтэй PMI-ийн салбарыг Монголд байгуулаад найман жил болжээ. Найман жилийн өмнө манай улсад төслийн мэргэшсэн менежер, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн ердөө хоёр байсан гэнэ. Тэгвэл өдгөө 75 хүн олон улсын төслийн мэргэшсэн менежер болж, давхардсан тоогоор 15 000 орчим мэргэжилтэн ур чадвараа ахиулжээ. Энэ удаагийн хурлыг цахим болон танхимд хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 400 орчим илтгэгч, оролцогч, компанийн төлөөлөл цугласныг “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хулан дурдав. Энэ удаагийн бага хурлыг ногоон өсөлт, хямралын менежмент, тогтвортой хөгжил зэрэг дэд сэдвийн хүрээнд зохион байгуулж, оролцогчид нь танхимд болон цахимаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Бага хурлын зарим оролцогчийн илтгэл, хэлсэн үгээс хүргэе.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Ирэх оны улсын төсвийн төлөвөөс харахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бараг алга. Таван сая ам.долларын өртөгтэй төслийг Монголд таван жил хэрэгжүүлдэг муу жишиг тогтож. Бид гадаадаас хөрөнгө оруулалт татдаг учраас тухайн улсдаа таалагдах төслүүдийг л хэрэгжүүлдэг. Тэд ч татвар төлөгчдийнхөө мөнгийг манайд зээлж байгаа тул нүдэнд харагдахуйц барилга байгууламж, дэд бүтэц гэсэн биет төсөлд илүү анхаардаг нь зарим талаар ашиггүй. Бид цар тахлын аюул багасаагүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, улсын төсөв алдагдалтай буюу маш хүнд нөхцөлд ороод байна.
Ерөнхий сайд асан, эдийн засагч М.Энхсайхан: -Бизнесийн төслүүд дампуурах нь дэлхий даяар түгээмэл үзэгдэл хэдий ч амжилттай хэрэгжүүлэхэд сайн менежерүүдийн үүрэг тун чухал. Төслийг байгууллага биш, хувь хүмүүс гүйцэтгэдэг. Тиймээс төслийн менежер гэдэг бол нарийн мэргэжилтэн гэдгийг ойлгох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 500 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалттай төслүүдийн 40-50, нэг тэрбум “ногоон” хүртэлх хөрөнгө оруулалт шаардлагатай томоохон төслүүдийн 70 хувь нь бүтэлгүйтсэн жишиг бий. Манайд том, жижиг олон төсөл хэрэгжүүлэхээр ярьсан ч ихэнх нь үр дүнд хүрээгүйн шалтгаан олон. Цөөнийг нь зориуд дурдъя. Төсөл нь мөн чанараараа төр, хувийн хэвшлийн гэсэн хоёр “эзэнтэй” байхаас өөр замгүй. Иймээс төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал. Төслүүд нь олон нийтийн эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотойтоор ил тод, “шилэн” байх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Ямар нэгэн асуудлыг нууж хаан, шийдвэрлэхгүй хойш тавибал үр дүнд хүрэхгүй. Төслийг эхлүүлэхээс дуусгах хүртэлх бүх ажлыг нарийн төлөвлөх ёстой. Суурь судалгааг хангалттай хийхээс гадна шинжлэх ухаанд тулгуурласан байвал зохино. Эдгээр асуудлыг дутуу дулимаг шийдсэн аливаа мега төсөл дампуурна гэхэд болно. Төслийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээ ахих тусам олон хүн, олон талын сонирхол үүсдэг. Тиймээс талууд харилцан буулт хийснээр хэлцэл явагдах бөгөөд нэгэнт хийсэн, тохирсон гэрээ, хэлэлцээрт бүх оролцогч сэтгэл хангалуун үлдэхгүй. Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үр дүн. Хямралаас гаръя гэвэл маш олон төсөл боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал.
Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: -Төслийн эдийн засгийг хөгжүүлэх тухай ярихаас өмнө багаас нь буюу менежментийг нь хэрхэн хэрэгжүүлэх, сайжруулах талаар ярих нь зүйтэй. Хүүхдүүдийг сургуульд орсон үеэс нь л төсөл гэж юу вэ, үүнийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр өгөөж хүртэх талаар сургах учиртай. Сайн менежер болж, менежментийн талаарх зөв ойлголттой байж төсөл хэрэгжүүлэхэд дөхөм болно. Манай улсын хувьд төслийг хугацаанд нь хэрэгжүүлдэггүй жишээ олон боллоо. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, говьд цахилгаан станц барих асуудал байна. Эдийн засгийн чадамж муутай, улс төрийн байдал тогтворгүй, алсын хараагүйн улмаас төслүүд бүтэлгүйтэн, заримыг нь бүрмөсөн хаадаг. Иймд улсаараа төслийн менежментэд суралцах цаг болжээ. Мөн бүх төслийг өөрийн улсын төдийгүй дэлхий дахины хөгжлийн чиг хандлага, урт хугацаанд баримтлах бодлоготой уялдуулж сэдэж, хэрэгжүүлэх учиртай. Бид цахилгаан станц барихаар олон жил ярьж байх хооронд БНХАУ нүүрсний цахилгаан станцаас татгалзан, энэ чиглэлээр олон улстай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ. Эндээс харахад, Тавантолгойн цахилгаан станцад урд хөршөөс хөрөнгө татах боломж хаагдчих шиг боллоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүсэл со нирхол, хөрөнгө мөнгөнөөс гадна тухайн цаг үеийн боломжийг ашиглах, хурдан хугацаанд хэрэгжүүлэх нь тун чухал гэдгийг олон жишээ харуулж байна.
“Премиум” группийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ: -Гэртээ хоол хийх нь ч төсөл юм. Сүүлийн 50 жилд төслийн удирдлагыг хэрхэн хийхийг олон улсад баталж, жишиг болгосон орон цөөнгүй байна. Ямар нэгэн төслийг нэг алба, хэлтэст даатгаад орхих биш, байгууллага, улс орон тэр чигтээ оролцсоноор амжилтад хүрнэ. Төрийн бус байгууллагуудад ч энэ нь хамаатай. Бид CU сүлжээ дэлгүүрийг Монголд оруулж ирснээс хойш 140 салбар нээн, хэрэглэгчдэд дараа дараагийн шатны үйлчилгээ үзүүлж буй. Хувийн хэвшлийнхэн сайн ажиллаад байхад төрийн хүнд суртал буурахгүй, чөдөр тушаа болсоор байна. Төр, хувийн хэвшилтэй өрсөлдсөөр байгаа нь хөгжилд хүргэх сайн жишээ биш.