Соёлын гавъяат зүтгэлтэн Долгорын Цэнджав
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Долгорын Цэнджавын зохиол бүтээлийг манай уншигчид сайн мэдэх билээ. Богино өгүүллэгийн наадамд тогтмол дээгүүр барианд давхиж явсан тэрбээр энэ онд “Мянган хун чуулах цагаар ирээрэй”, “Ингэн зэрэглээ” хэмээх шилмэл өгүүллэгийн хоёр шинэ номоо уншигчдад барьжээ. Энэ цаг үед алтан намрын ургац хураалт ид өрнөж, оюутан залуус өөрийн хүсэлтээр сангийн аж ахуйг зорьж байгаа нь өмнөх үеийн нүргээнт амьдралыг санагдуулж, залуу халуун насны ховор сонин дурсамж үлдээх аяндаа гарчээ. Яг ийм сэдвээр бичсэн До.Цэнджавын “Дүгэрээ ах” өгүүллэгийг сонгож эрхэм уншигчдад хүргэж байна.
Оюутны намар… Зүг бүрээс ирсэн залуу хонгор нас Батсүмбэрийн тариан талбайд багтаж ядан оволзох шиг болж, ааг омгонд нь уулын оройн цас хайлмагтах шиг болдогсон. Шөнө дөлөөр харахад, нийслэл хот гудамжны гэрэл туяа, энд нүүгээд ирчихсэн юм шиг гэрэл ярайх нь нөгөө газрын зүтгүүр тракторууд өдөр шөнөгүй уухчин зүтгэж байгаа нь тэр ээ. Нүүр нүдгүй дурлалдаа шатсан галзуурал тариан талбайн шаргал үртэм, өвсний бухал, төмс байцааны дэлбээн дээр халуун нулимсаа дусааж, уйлж дуулж явахыг харж үзлээ. Юу ч хийхээс буцахгүй овилгогүй залуу нас заримдаа яс булаацалдсан азарган нохой шиг дээр дороо орон хар хур уралцан, юунд ч хүрч болох аюулыг тэр өдрийн тэнгэр, тэр үдшийн бурхан арайхийж өнгөрөөнө. Дээрээс нь ардын армийн төмөр тахтай гутал, төмөр аралт суран бүстэй цэргүүд ургац хураалтад татагдан ирж, гал дээр гал, түймэр дээр түймэр тавиад буучихна. Сайн мууд амташсан нутгийн танхай харууд өлөн чоно шиг хэсүүчилж, аль л задгайдуу талаар дайрна. Охид өөрийн эрхгүй хөвгүүдийн нөмөрт бялзуухай шиг хоргодож, хөвгүүд ч эр хүн гэдгээ тэдний өмнө харуулах боломж олдох тул гардан тулаанд орохоос аргагүй. Хайр найргүй чулуун мөндөр, төмөр шийдмийн зай завсраар зайчлан залуу онгироо нас яаж өнгөрсөнөө ч мэдэхээргүй. Гэхдээ л залуус хэрэлдэж, зодолдож байсан ч хоорондоо ойлголцож ядах юмгүй, дотно үерхэцгээнэ, насан туршийн хань, найзаа олж авна. “Ургац хураалт” гэдэг оюутнуудад мартагдашгүй дурсамж, цоо шинэ ахуй, эргэцүүлэл ухаарал, санаагүй санаа, хэлээгүй үг, гэнэтийн таашгүй тохиол заяана.
Их дээд сургуулийн анхны томилолт ургац хураалт…тал тал руу сангийн аж ахуй руу зорих уриа лоозон, улаан тугаа дэрвүүлсэн тэргэн дээр суухдаа Дүгэрээ ахтай нэг дор суудал нэгсэж, аян замд элдвийг хөөрч, дорхноо дасалцаж, дуулж хашгирч, илүү дутуугаа мэдэж авлаа. Хөдөөний голдуу охидын дотор нүүрэмгий нь ч байна, үг дуугүй ичимхий нь ч байна, хотынхон өмссөн зүүсэн, ааш араншин, хувцас хунараараа арай л өөрөөр ялгарна.
-Бидний хуваарилагдсан тэр сангийн аж ахуй төмсний, үр тарианы гэсэн өөр өөр бригад тус тусдаа гэнэ. Дүү хүү хоёулаа хаа ч явсан нэг дор явна шүү гэж найр тавилаа. Оюутнуудыг тээсэн машинууд залуусын дуу шуугианд доргиод, хоорондоо уралдаж, аль сэргэлэн нь хажуугаар дохиогоо сүртэй хангинуулаад дайрч өнгөрнө. Тохитой өвгөжөөр жолооч журмаа барина. Одоо энэ мэтийг бодохоос толгойтой үс босмоор… Тэр олон залуусыг ачсан машин замын дундах шавар шавхай, нэг томхон чулуунд л халтирч онхолдвол яана… Дүгэрээ ах од мэт ялгарч эхэллээ. Биднээс дөрөв, тав ах, тэр эр аймгийн соёлын ордны найрал дууны багш байжээ. “Та яагаад урлагийн тэс өөр мэргэжилтэй байж математик, физикийн ангийг сонгосон юм бэ?” гэж асуухад, “Урлаг насных, математик мөнх. Самбар дээр тоо бодоод, ярайтал бичиж байх урамтай” гэж аминчиллаа. Тэрээр нов ногооноороо бидэнд наргиантай хошин шог юм ярьж инээлгээд зогсохгүй, ид гайхшруулж байсан “Аяны шувуудыг” дуучин Төмөрөөс ч хавьгүй илүү юм шиг дуулж байна, дахиулъя гэж хашхиралдан алга ташицгааж, шүгэлдэж исгэрэлдэцгээв. “Би ингээд дуулдагсан бол доо…охидыг хушууруулах юм байна. Дуу урлаг гэдэг ямар ид шидтэй юм бэ? Даанч тийм заяа тавиланд төрсөнгүй” гэж өөртөө гомдох шиг харцыг мэдэрч явлаа.
Дүгэрээ ах намайг хөтлөх шахуу эсгий дэвссэн нааран дээр гудас хөнжлөө зэрэгцүүлээд, зө хө… бид хоёрын дундын склад шүү гэж гоё модон хайрцаг нээнгээ… овоо жоортой байгаа биз. Дүүдээ түлхүүрий нь өгнөө, дуртай үедээ наадахаасаа авч бай. Чи эндээс үерхэх охиноо олж авбал, зөөлөн чихэр, печень аваарай. Яарах хэрэггүй… Миний нүдэнд ер тусахгүй байна… Хүлээх хэрэгтэй… Нэг мэдэхэд л нэг хачин юмнаас салахаа болино, алдана шүү. Хүний сэтгэлийг нэвт мэдэх биш, гэхдээ ах нь эхлээд сонжиноо гэж өөриймслөө. Баян хөгжмөөр бол алд сунгаад өгнө…гитараар болох ярих ч юм байхгүй. Гэхдээ онгирч, сагсуурч юм л бол овойж товойхыг ер хүсэхгүй, дахин дахин гуйлгаж байж л дуулж, хөгжимдөнө үү гэхээс ерийн үед биднээс ялгарах юмгүй. Хөгшин ахыгаа битгий тэнгэрт хөөргө….Үеийн энэ залуусын дотор галзуу авьяастан олон байгаа, би шараа болж түлэгдэнэ. “Хөгшин азарга жороо сурав” гэгчээр хэрээ мэдэх хэрэгтэй гэнэ. Үнэндээ ч биднээс тав, зургаахан л ах л даа. Тэр аль ч талаараа охидыг уургалж болноо доо, тэд ч түүн рүү бал руу дайрах зөгий шиг шавна. “Наргианч хүн найман суудлын дээр” Гэвч тийм журамгүй адгийн зангүй… амьдралыг таньж мэдсэн болоод тэр үү охидод, хөвгүүдэд ч бүгдэд жинхэнэ сургамжит, халуун дотно ах минь байлаа.
Дүгэрээ ахын харин нэг эвгүйцдэг юм бол жолооч нар… “Эд арай хэтэрнээ… улсын унаагаар гул барьж, хөөрхий муусайн нүд нь нээгдээгүй гөлөг шиг охидын толгойг эргүүлж, бузарлаж байна” гээд тэдэнтэй зад хэрэлдээд, бүхээгнээс нь нэг бус охиныг суга татан буулгаж байлаа. Үнэндээ намрын хөрзгөр хүйтэнд, хоол хүнс муутай үед хормойд нь салхи савир сүнгэнэсэн юмдад бол дулаан кабин, идэж уух… амтат хиам… чихэр боов жаргалын оромж нь л доо. Нэг удаа “Кабины бор” гэх зартай хөнгөн явдалт охиныг Дүгэрээ ах түрүүчийн адилаар машины бүхээгнээс буулгах гэхэд, “Би тан шиг ах байтугай аав, ээжийнхээ ч үгийг сонсдоггүй… Би өөрийгөө мэднэ… танд хамаагүй” гэснээс хойш Дүгэрээ ахын дур гутаж “Хохь чинь дээ… гэдэс нь цондойгоод, эд сураггүй бултаад хамраараа газар хатгахын цагт намайг санана даа. Үгүй нээрэн би ч гэж хэнсэн билээ… ер надад хамаагүй л дээ. Арай илүү оймс элээснээрээ та нарыгаа хайрлаж, хамгаалж байгаа царай нь тэр юм. Залуу нас замбараагүй нас бишээ, хазаар цулбууртай явахгүй бол горьгүй ээ” гэж надад аминчилсан нь эцэг шиг санагдаж билээ.
Дүгэрээ ахыгаа жирийн хүн биш гэдгийг бид мэдээд бүр ч илүү хүндлэх болов. Урлагийн бригад ирэхэд, хэн хүн мэдэх нэгэн цуутай хөгжмийн зохиолч “Дүгэрээ чи энд юугаа хийж, хуруу хумсаа хуйхалтал шавар шороотой халтар төмс ухаж яваа юм бэ? Чиний наад хуруу гар чинь төгөлдөр хуурны товчлуур дээр гялалзаж байхаас биш, энд ийм байдалтай байх гар биш. Яагаад тэр сайхан урлагаа орхиов? Бид сангийн аж ахуйн хоёр гурван бригадаар тоглочихоод эргэж ирнэ. Бэлдэж байгаарай, дагуулж явна шүү. Сургуулийн захиралтай чинь ярина” гэхийг чихээрээ сонсож, нүдээрээ үзэв. Түүгээр ч зогссонгүй ахыг маань урлагийнхан концертдоо оруулж, “Дүгэрээ ах мандтугай” гэж хашхиралдан, дуучдаас ч илүүтэйгээр алга ташуулж бахдуулав.
Ах маань юм бүхэнд нөмөр нөөлөгтэйсэн. Түүнтэй хамт байхад, эхээ дагаж яваа ботго шиг явахад, намрын царцуу хүйтэн өглөө, усан бороо, ажлын хүнд хүчир, гомдол гутрал, хэрүүл шуугиан, зодоон цохио юу ч биш, авч яваа багшаас ч илүүсэн. Буржгар үсээ тослон гялалзуулаад, цоглог нүдээрээ инээмсэглээд, маш нарийн юмыг ажиглаад хошиноор инээлгэж явдаг нөгөө хөгжилтэй сэргэлэн хөхиүн нь аажмаар бүдгэрч, дуугаа хураагаад, санаа алдах болов. Та минь яачихаав гэхэд, зүгээрээ… дүүдээ янз янзын юм яриад яахав дээ. “Нэг л юм дуулдаад байна даа” гэлээ. Төдхөн “За ах нь явахаас аргагүй боллоо. Нөгөө урлагийн бригадыг толгойлж ирсэн хөгжмийн зохиолч маань манай сургуулийн том ойн концертыг найруулж байгаа юм байна, намайг татахаар сургуулийн захиралтай ярьж шийдүүлжээ. Надад энэ бүгд хэрэггүй… цаашдаа цас орж хүйтэрнэ… төмс хурааж дуусах яагаа ч үгүй байна. Энэ дулаан бээлий, хөвөнтэй хүрэм, усны гутал чамд хэрэг болно… бас хааяа гоёж бай, сайхан ус үнэртүүлж яв, бүжиг сайн сур… охидтой сайхан харилцаж бай гээд насандаа өмсөж үзээгүй… цав цагаан цамц, костюмаа хайр найргүй өгөв. Дүгэрээ ахыгаа тэр бүрхэг өдөр үдсэнээс хойш, нэг хэсэгтээ би өнчрөх шиг болж ганцаардсан билээ.
…Ахтайгаа хааяа сургууль дээр тааралдана. “Дүүгийн амьдрал ямар байна… дутаж гачигдах юм байна уу? Хэлж байгаарай, хөгшин оюутан залууст чирэгдэх янзтай. Урлагийг хатуу гэж боддогсон… математик шиг хатуу юм алга. Гэхдээ болноо… Дүүгээ “Улаанбаатар” ресторанд оруулж, нэг сайхан “хуйцаадуулахсан” гэж нөгөөх л сайхан инээмсэглэлээрээ шагнаад, өвлийн амралтаар заавал манайхаар очоорой, аймгийнхан андахгүй” гэлээ. Өдөр хоног ч өнгөрч, шалгалт шүүлэг ч дуусаж харьлаа. Аймгийн төвд танил тал ховор болохоор Дүгэрээ ахынхаар орлоо, үнэндээ танихгүй хүн гэж алгаа… Нүдэнд торохоор, гайхуулахаар юмгүй айл байв. Ах, эхнэр хоёр хоёулаа дуугаа хургаагаад хоёр тийшийгээ буруу хараад суучихжээ. Дүгэрээ ах “Өө дүү минь хүрээд ирлээ. Алив чи…Чи цай хоол…Чамд хэлдэг шүү дээ нөгөө миний залуу найз” гэхэд нөгөөх бүсгүй над руу нэг сүрхий хяламхийснээ, сандлаасаа боссонгүй. “Зүгээрээ, ах минь… би яарч явна. Сум руугаа явахын өмнө танайхаар ороод гарья гэж бодсон юм. Шуудангийн тэрэг цагийн дараа явна” гээд бослоо.
Энэ үед Дүгэрээ ах “Нэг л юм дуулдаад байна” гэсэн нь ийм учиртай байжээ гэсэн бодол тархинд зурсхийн орж ирэв. Сайхан ах маань сайхан л ханьтай байх ёстойсон. Та чинь өөрөө бидэнд, надад ингэж л хэлдэг, заадаг биз дээ гэж цас хяхтнуулан аймгийн төвийн гудамжаар алхаж явахдаа бодоод, нөгөөх гоё сайхан инээмсэглэл, нөгөө үргэлжийн цогтой гялалзаж явдаг нүд хаачсан юм бол оо гэсэн гунигтай бодол төрж билээ.
Энэ явдлаас хойш хэдэн сар өнгөрч, далаад оны хотын гудамжаар хавар айлчилж, үе үе шороон шуурга тоос, улаан хуй босож, тэнгэрт цаас цахлай шиг нисэлдэж байлаа. “Чамайг цэрэгт татагдах нь гэдгийг сонсоод, сураглаад уулзах гэж байгаа нь энэ. Уг нь тэр цэрэг цуух хэрэггүй юмсан… бушуухан амьдралын зах зухад орж, амьдралаа төвхнүүлэх хэрэгтэй. Залуу насыг алж байгаа юм шүү… Гурван жил гэдэг чинь хорвоо гурав эргэх хугацаа. Тэр цэргийн хугацааг хоёр дахь их сургуулиа болгоорой. Манай Алтай нутаг чинь цэргийн том дарга нар олонтой. Ойрын төрөл хамаатан том хурандаадаа “Нэг хуурай дүүгээ цэргээс сугалмаар байна, та туслаач” гэж хэлээд золтой алгадуулсангүй. “Энэ жил ялангуяа ширүүхэн татаж байгаа юм байна. Цэрэг армийг чадваржуулахаар дээд газрын тогтоол гарчээ. Хотын сэхээтэн, дарга нарын хүүхдүүдийг ч хуу татна” гэж байна. За намайг дагаад яв… Нөгөө яриад байдаг “Улаанбаатар” ресторанд орж, нөгөө үглээд байдаг хуйцаагаар дайлнаа, нимгэхээн зүссэн хонины сүүлтэй, буузархуу бөөрөнхий махтай… нөгөө оюутны намрын “ургацын далай” шиг ширхэг байцааны навчгүй…. цаанаа өег шимтэй шөлийг нэг хүртчихвэл долоо хоног ходоод юм нэхэхээргүй болдог юм шүү” гэж тэрхүү өвсний толгойд бамбарлаж унасан цэвцгэр хяруутай ургац хураалтын намрынх шигээрээ хөгжилтэй наргиантай инээсээн…
Тэртээх алс баруун хязгаарын суунаг татсан Алтайн хөх уулс нөмөртэй нөөлөгтэй юм билээ. Хилийн цэргийн хуарангаас Дүгэрээ ахдаа хэд хэд захидал бичсээн…хариу ирээгүй. Гомдох шиг болсон ч…гэвч гомдох ч эрхгүй ах юмсан… Үгүйлэн сураглахад, сураг чимээ ер гараагүй. Сураггүй ч болох хүн биш дээ. Сураг нь хаа ч чангаар дуулдахаар хүнсэн. Сумын урлаг ч цуурайтдаг шүү дээ, урлагаар явсан бол цуурайтаж л байхсан, бүр гавьяат ч болчихмоорсон…математик аа гэж… манан будан дундах эль хульхан хүглэгэр ой мод шиг чив чимээгүй …дүнсгэрхэн ч ухаан юмуу? Хүний хорвоод өөдгүй муухайгаас сайхнаас сайхан гэрэлт хүмүүс дэндүү олон. Тааралдах нь л аз ерөөл юм байна, учирч тааралдаагүй зөрсөөр өнгөрдөг нь олон хорвоо ажээ. Тийм л нэгэн онцгойхон…сайхнаас сайхан хуурай ахтай байлаа даа, хөөрхий…