“Өнөөдөр” сонины халуун ам бүлд багтаж явсан хэн бүхний бахархах, эргэн дурсах, уясах өдөр тохиож байна. Цахим орчинд “Өнөөдөр”-т минь хаягласан олон зуун ил захидал давлагаалж, уншигчдын харамгүй бичсэн баярын түрлэгтэй сэтгэгдлүүд хөвөрч, түүний нь бид уншиж, огшиж сууна. Өсөж том болоод үүрээ орхидог шувууд шиг тал талд урилгаар очиж ажилласан, анхандаа “Өнөөдөр”-т л "өдөлсөн" үе үеийн шилдгүүд энэ өдөр редакцдаа эргэн цуглаж, ширээ тойрон суугаад мэргэжлийн сонины гал тогоо хэр халуун, хэчнээн хатуу, хэдий үнэн, үнэ цэнтэйг хэлэлцэж, Бал эрхлэгчээ дурсацгаав. Эл үйл явдалтай давхцаж, хариуцлага, ёс зүй, мэргэжлийн гэх үгийг өмнөө овог мэт ямагт дагуулж явдаг “Өнөөдөр”-ийн редакцад шагналын хур буув. Олоон хүн энэ өдөр салбарынхаа хийгээд төрийн одон медалиар энгэрээ мялаасан.
Монгол орны хэвлийг төнхөж, баялгийг нь гадагшаа гаргадаг, ухсан газраа эргээд сэргээдэггүй, жудаггүй, сэтгэлгүй, компаниуд, за ер нь байгаль орчинтой хамаатай болгоныг хайрлаж, өмчилж, өмгөөлж, өмөлзөж бичдэг, залуухан хэдий ч уншигчдад хэдийнэ чадвараа таниулсан “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны сурвалжлагч Ж.Сувдмаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” шагналаар энгэрээ мялаав. Илүү ихийг эх сурвалжтай, баримттай, барьцтай бичих үйлсэд тань амжилт хүсье ээ.
Цаашлаад манай сонины менежер Б.Батцэцэг, эх бэлтгэгч Ц.Баасанжаргал, хэвлэгч Ц.Баттогтох нар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардсан. “Өнөөдөр” сонин эвлэж бүтэхэд энэ хүмүүсийн гавьяа зүтгэл их ээ. Хамт олны минь салшгүй хэсэг та гуравтаа дахин баяр хүргэе.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр “Өнөөдөр”-ийн редакцыг зорин иржээ. Хийсэн бүтээсэн гавьяа ихтэй хэрнээ эгнэгт даруу байж ирсэн хамт олны минь хөдөлмөрийг төр үнэлснийг тэрбээр дуулгав. Хөдөлмөрийн хүндэт медалиар манай Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Б.Номин, Нийгэм, чөлөөт цагийн албаны тоймч Р.Оюунжаргал, Эдийн засаг, бизнес мэдээллийн албаны тоймч Т.Энхбат, менежер Ю.Төгсжаргал, О.Батцэцэг, гэрэл зургийн архивч Ж.Сарнай, “Unuudur.mn” сайтын орлогч эрхлэгч Ц.Хашзаяа нар шагнуулжээ. “Өнөөдөр” сонины нэгэн арваны хамт түүхийг бичилцэж, өнгөлж яваа та нартаа баярлалаа.
Тэнгэрийн Алтангадасыг гурван хүн өнөөдөр энгэртээ “аргамжив”. “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмон Алтан гадас одонт боллоо. Монголын гэмт хэргийн ертөнцийг бүхэлд нь биш юм гэхэд, зах зухаас нь гадарлах, тэр хэрээрээ хуультай, журамтай нь уялдуулж бичдэг тэрбээр олон хүнийг хэрэг хийхээс урьдчилан сэргийлсэн биз. Нөгөө талаар нүглийг нь газар дэлхий даахгүй гэмээр үйлдэлтэй ч гэм зэмгүй мэт яваа гэмт хэрэгтэн, баячуудыг илчилж, ичээж, зүрхэнд нь шар ус хуруулж яваа сайн сэтгүүлч гэдгийг нь хэн бүхэн андахгүй байх аа. Уран бүтээлийн тань эрэлд сүүн цацал өргөе өө.
Жолооч Ж.Цогтбаяр ах маань өнөөдөр хэзээ хэзээнээс илүү баярлаж, дуу аялж, хөөрч, хүүхэд адил дэгдэж яваа болов уу. Шуурхай, сурвалжилга, яаруу ажилд та минь хурдан түргэн хүргэж өгч, заримдаа замын дүрмээ зөрчөөд торгуулсан ч чимээгүй өнгөрдөг билээ, хийсэн бүхэнд тань баярлалаа. Гэрэлтэй, гэгээтэй, үнэн мэдээллийг уншигчдад шуурхай хүргэхэд хувь нэмрээ оруулж яваа та Алтан гадасыг хүртэх эрхтэй. Төрсөн өдөр нь тохиож буй ахдаа давхар баярын мэнд хүргэе ээ.
Сэтгүүлч, сурвалжлагч өдрийн тал, эсвэл өдөржин гүйж олоод, үдийн хойно, заримдаа бүхэл оройжин сууж бичээд, эх бэлтгэгч рүү өгч “боолгоод”, хэвлэлтэд шилжүүлж, өдөр тутмын сонин бүтдэгийг зарим хүн гадарлахгүй байж мэднэ. Шинэ мэдээ, мэдээлэл, хурц, содон нийтлэл, сонин ховор хүнтэй хийсэн ярилцлага бүхий сониныг минь уншигчдад хүргэх үүргийн нэгээхэн хэсгийг борлуулагч хүлээдэг. Ийм хариуцлагатай үүрэг хүлээсэн, өглөө бүр шинэхэн сониныг минь уншигчдын гар дээр тавьдаг Д.Оюун эгч энэ өдөр Алтан гадасын эзэн болсон. Өглөө бүр шинэ сониноо асууж ээрдэг, уншигчдынхаа өмнөөс танд баярын мэнд хүргэе ээ.
Ерөөс хамт олны минь эд эс болсон шагнал авсан, аваагүй бүх хүнд, бас уншигчдадаа Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт сонин “Өнөөдөр” сонины 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ. “Өнөөдөр” сониныг адисалсан эрхлэгч, бүтээсэн хамт олон, үнэнч уншигчдадаа гүнээ мэхийе.