Энэ мөрийг бичиж суух мөчид Монголын статистикийн нэгдсэн сангийн мэдээллээр бол Монголд Балдорж нэртэй 527 хүн байна. Түм давсан тоотой ижил нэртнийг бодвол харьцангуй цөөн ч оорцог нэртнүүдээс хавьгүй олон хүн энэ нэрийг тээж явдаг байх нь. Ийм нэртний нэг нь Цэрэндоржийн Балдорж. Ажил үйлээрээ бол “Монгол ньюс”-ийн Ц.Балдорж. Гэхдээ зүгээр л Балдорж гэж хэлэх төдийд хүмүүс түүний тухай ярьж байна гэдгийг ихэнхдээ шууд мэддэг. Ингэдгийн учир юунд билээ.
Үүнийг үл өгүүлэн өөрийн мэддэг түүх хийгээд бодлыг өчсү. Тэрбээр 1953 онд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн ч Төв аймагт хүүхэд насаа үдсэн. Намайг гуравдугаар ангид сурч байсан 1977 онд Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж байж. Уралын их сургуулийн сэтгүүлчийн ангийн гуравдугаар дамжаанд сурч байхад минь Москвагийн Нийгмийн ухааны академид эрдмийн зэрэг хамгаалж байв. 1977-1990 онд “Үнэн” сонинд сурвалжлагчаас хэлтсийн эрхлэгч хүртэл хийсэн. Сүүлийн ганц өгүүлбэрийн цаана түүний хувь хүн хийгээд мэргэжлийн сэтгүүлчийн ээдрээтэй драмлаг, тэсэрч бадарч явсан амьдралын түүх бий. Галзууртлаа дурлаж, хайр дурлалынхаа төлөө шийтгэл хүлээн орон нутгийн сурвалжлагчаар Завхан аймагт томилогдож, байгаль, нийгмийн сэдэвт хурц нийтлэлүүдээрээ нийгмийн анхааралд хүч түрэн орж ирсэн он жилүүдийн түүх. Ихэнх хүний амьдрал нийтлэг ерөнхий дүр зурагтай байдаг бол түүнийх тийм байсангүй. Сайн зохиолчийн уран сэтгэмжээр амилсан кино зохиол шиг л амьдарсан. Тэрбээр амьд сэрүүн байсан сан бол амьдралынхаа энэ үеийг хамгийн сайхан үе минь гэж хэлэх байсан байх.
1990 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониныг үүсгэн байгуулалцаж, нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр 1996 он хүртэл ажилласан. Төрийн мэдлийн хэвлэл учраас давуу эрх ихтэй байсан нь үнэн. Гэхдээ түүнийг өдөр тутмын шилдэг сонин болгоход Ц.Балдорж агсны оруулсан хувь нэмэр үлэмж их бий. Хэрвээ Ц.Балдорж гэдэг хүн байгаагүй бол “Ардын эрх” төрийн мэдээг дамжуулах төдий номхон томоотой сонин байсаар дуусах байсан биз. Дээдсийн дуу хоолойг дамжуулагч биш, саар мууг нь ч зоригтой шүүмжилдэг хэвлэл байв. Улстөрчид ч уужим сэтгэдэг байж дээ. Нэг удаа түүний өрөөнд сууж байтал утас дуугарав. Очирбат Ерөнхийлөгч ярьж байна гээд утсаа авав. Ярьж дуусаад “Балдорж оо, саяын хэвлэл захиалгаар захиалагчийн чинь тоо овоо нэмэгдсэн байлгүй. Одоо наад сэдвээ больчихвол яасан юм гэж байна” гээд тэр өдрөөс хойш “ерэн саяын Гансүх”-тэй холбоотой сэдэвт цэг тавьж билээ. Улсын Ерөнхийлөгч гэдгээрээ аль эрт мундагдаж болох ч хэвлэл захиалгын үеэр нөлөөлөхгүй гэж хүлээзнэсэн П.Очирбат гуай, “Та хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа” гэж сагсалзаагүй Ц.Балдорж эрхлэгчийн аль алиных нь ухааныг тэгэхэд биширсэн сэн.
Ц.Балдорж сайн сэтгүүлчээс гадна сайн удирдагч, менежер гэдгээ тэр л он жилүүдэд бардамхан нотолсон. Сайн ч баг бүрдүүлж чадсан. “Ардын эрх”-ийн, Балдоржийн школ гэдэг нэр томьёо тэр үеэс бий болсон. “Ардын эрх” сонинд ажиллагсдын гол цөмийг “Үнэн” сониныхон бүрдүүлж, өөр бусад хэвлэлд ажиллагсад, бичих нийтлэх авьяастай хүмүүс хүч нэмснээр ихээхэн бүтээлч, бие биенийхээ амжилтад талархаж, алдааг нь шүүмжилж чаддаг хамт олон бүрдсэн. Яавал сониноо илүү сайн болгох вэ гэдэгт хүн болгон л санаа оноогоо уралдуулж, тэр бүхнээс алийг нь авах, гээх эцсийн шийдийг Ц.Балдорж эрхлэгч гаргадаг байв. Үр дүнд нь өдөр тутмын сонины өөрийн гэсэн өвөрмөц соёл, арга барил бүрэлдсэн. Түүнийг л Балдоржийн дэг сургууль гээд байгаа юм. Түүнээс биш одоо цагт зарим нэгний ойлгоод байгаа шиг сэтгүүл зүйн ямар ч туршлагагүй, ур чадвараар дульхан хүмүүс Ц.Балдоржийн дэргэд очиж ажиллаж сураад, мундаг болоод байсан юм биш. Түүний амжилт бол шилдгүүдийг, эсвэл ирээдүйд шилдэг болох өгөгдөлтэй хүмүүсийг таньж чаддаг, өөртөө татаж чаддаг, тэднийг ажиллуулж чаддаг, тэдний санал, санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгож чаддагтаа байсан юм. Энэ бол менежерийн ховорхон авьяас, хүнийг зөв ажиллуулах том эрдэм. Энэ авьяас бол төрөлхийн өгөгдөл учраас хэн нэгэн дуурайгаад сурчих эд биш л дээ.
Зах зээлийн нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг ингэж эрхэлж болох юм байна гэсэн төсөөллийг бол харин тэрбээр олон хүнд өгсөн. Ажиллагсдаас нь олон ч хүн дараа нь өөр өөрийн гэсэн сонин сэтгүүл эрхлэн гаргасан. Сонин, сэтгүүлийн борлуулалтын хувьд алтан үе таарсан учраас тэд хэсэгхэн хугацаанд амжилт олсон. Гэвч тэрхүү зурвас үеийн дараа юу болохыг угтан харах чадвар олонход нь байгаагүй учраас тэгсхийгээд чимээгүй болцгоосон. Хэн нь ч Ц.Балдорж шиг амжилтад хүрээгүй. Харин мань хүн “Өнөөдөр” сониноо зах зээлд хүчтэй өрсөлдөгч, чанартай хэвлэл хэвээр он удаан оршин тогтнох суурийг сайтар тавьж орхиод дараагийн шинэ зүйл рүү ханцуй шамлан орж билээ. Тэр нь шоу бизнес, кино урлаг байв. “Элсний нүүдэл” уран сайхны кино хийж, телевизийн шоу нэвтрүүлгүүд зохион байгуулж, энэ чиглэлээр тэсрэлт хийх нь дээ гэсэн хүлээлт бий болоод байтал харамсалтай явдал болж, хайран сайхан хүн ертөнцийн мөнх бусыг үзсэн. Бадрангуй дайчин, азтай одтой тэрбээр ид сайхан насандаа тэнгэрт дэвшээгүй сэн бол мөн ч ихийг хийх байсан даа.
Ц.Балдоржийн амжилтын үндэс нь шинийг туршихаас айдаггүй эр зориг, удирдагч хүний хамгийн эрхэм чухаг чанарын нэг болох торгон мэдрэмж, хүн болгоны онцлогт тохируулан зэмлэл, магтаалын тунг нь тааруулан хүртээх чадвар байсан гэж боддог. Хэзээ хэнийг урмаар тэтгэх, хэзээ хэнийг хатуу үгээр хурцлахаа сайн мэддэг хүн сэн.
Бид хоёр богино хугацаанд их ойр дотно хамтран ажиллаж, насан туршийн хүндлэл хэн хэнд нь үлдсэн. Олдой миний бие Ц.Хулан, З.Түмэнжаргал гэдэг хоёр сайхан хүний санал болгосноор түүний багийн нэгэн гишүүн болж байв. Тэр хоёр санал болгоогүй бол Ц.Балдорж эрхэм намайг хэзээ ч ажилд авахгүй байсан юм билээ. “Чамайг би анзаарах нь эрт анзаарсан. Ажил санал болгох гэснээ нэг архичин байдаг гэхээр нь больчихсон юм. Тэгсэн чи чинь хүмүүсийн надад ярьснаас огт өөр хүн байж. Эртхэн над дээр хүрээд ирэхгүй яасан юм бэ” хэмээн хожим өгүүлээд шаргал царайдаа улаан туяа таттал нэг их инээж билээ. Бодвол огт хамаагүй хүмүүсийн дундуур хар муур гүйлгэдэг нөхдийн балгийг бодоод тэгж инээсэн байх.
Тэрбээр төгс төгөлдрийн туйл байгаагүй, алдаа, оноо хосолсон жирийн хүн байсан бодит үнэнийг шударгаар хэлэх ёстой. Зарим шийдвэр нь түргэн түүхий болох ч байсаан. Намайг “Ардын эрх” сонины босго даваад удаагүй байхад нэг л өдөр Мэдээний албаны даргаар томилсон. Миний саналыг асуугаагүй, бодвол удирдлагын багийн хүрээнд ярьж тохирцгоосон асуудал байх. Тогтсон ёсны дагуу энэ томилгоогоо уншигчдад мэдээлж, товч намтрыг минь сониндоо хэвлэх үүрэг өгсөн юм билээ. Маргааш нь сониноо уншчихаад “Пээ, хүүхэд томилчихсон байна шүү дээ” гэж дуу алдсан тухай нь өнөө ч дурсан ярьцгаадаг. Дараа нь хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшүүлснийг бодоход мөнөөх хүүхэд итгэлийг нь алдаагүй хэрэг байх. Гэхдээ л энэ бяцхан түүх түүний шийдвэр заримдаа их зоримог, эрсдэлтэй байсны жишээ. “Өнөөдөр” сониныг эрхлэн гаргах үед “Өнөөдөр” гэсэн өөрийн шрифттэй болъё гэсэн санал гаргахад минь шууд дэмжиж, тухайн үедээ манай сонины урдаа барьдаг эх бэлтгэгчдийн нэг байсан Дашзэвэгийн Батцэнгэлд үүрэг өгөн, мөн ч олон хоног нухуулж цаг үрж билээ. Тэр үеийн техник, технологийн боломж, боловсон хүчнийхээ чадавхыг хэтрүүлэн үнэлсэн нь миний алдаа байсан бөгөөд одоо бол өөрийн дэврүүн тэнэг байснаа гайхан шоолдог. Эрхлэгч маань харин эргэлзэлгүй дэмжсэн. Тийм л шинэчлэгч сэтгэлгээтэй хүн байлаа.
Ц.Балдорж 1996 оны УИХ-ын сонгуулийн дараа хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” ХХК байгуулж, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон групп болгов. Өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, спортын “Таван цагариг”, амралт чөлөөт цагийн “Ням гариг”, англи хэлээр гардаг “UB Post” зэрэг сонин, “MN-25 дугаар суваг” телевиз, сэтгүүл зүйн “Оюуны өргөө” дээд сургууль гээд түүний үүсгэн байгуулж, өрхийг нь татсан хэвлэл мэдээллийн чиглэлийн байгууллага олон. Бизнесийн хэд хэдэн салбарт өөрийгөө сорьж, одтой, амжилттай явсан ч төрөлх салбараа орхиогүй. Хэвлэл мэдээллийн салбарт хувийн хэвшлийн медиа групп байгуулж, амжилттай ажилласан анхдагч, мөн энэ салбарт тех нологи, менежментийн олон шинэ зүйлийг туршсан, нэвтрүүлсэн анхдагч гэдгээрээ тэр түүхнээ үлдсэн. Ц.Балдорж гэдэг хувь хүн бус, харин Балдорж гэдэг үзэгдэл болон домогжиж буйн учир шалтгаан үүнд л буй.
Бид Ц.Балдорж эрхмийг зөвхөн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйтэй холбож ярьсаар олон жил боллоо. Үнэндээ бол тэрбээр нийгмийн сайн зүтгэлтэн, авьяаслаг бизнесмен, сайн зохиолч, их олон талын идэвхтэй амьдралтай нэгэн байв. 1990-1992 онд Монгол Улсын анхны ардчилсан парламентын гишүүнээр сонгогдож, Байгаль орчны байнгын комиссын даргаар ажиллаж, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлийн албаны анхны даргаар ажиллаж байсан түүхийг нь судалж баталгаажуулах, байгаль хамгааллын чиглэлээр хийж бүтээснийг нь үнэлэх ажил ер хийгдсэнгүй. Хэвлэл мэдээллийн салбарт Үзэгдэл болсон хүчтэй хувь хүнийхээ тухайд Монголын улстөрийн амьдралд оруулж байсан хувь нэмрийг нь ч олигтой дурдахгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Балдоржийг нийгмийн зүтгэлтнийх нь хувьд бодитоор үнэлэх асуудал судлаачдын анхааралд өртөхгүй байсаар нэлээд хугацаа өнгөрч байна. Мөн “Хориотой жүжиг”, “Хайрын виз”, “Шөнө амталсан нулимс” жүжгүүд, тууж өгүүллэг, кино зохиолуудыг нь задлан шинжилж, тухайн цаг үетэй нь уялдуулан судлах, зохиолчийнх нь хувьд судалгааны эргэлтэд оруулах асуудал нээлттэй байна. Энэ нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн, бизнесмен Ц.Балдоржийг хэн байсан бэ гэдгийг монголчууд голдуу сургаар мэдэхэд хүргэж байна. Энэ алдааг бид засах ёстой.
Нэрийн тухай өгүүлснээр энэхүү бичвэр эхэлсэн. Нэрийн тухай өгүүлж жаргаая. Ижил нэртнүүд Монголд олон. Балдорж нэртнүүд гэхэд л хагас мянга байна. Гэхдээ овгийг нь, ажил, мэргэжлийг нь дурдалгүйгээр Балдорж гэж хэлэхийн төдийд хүн болгоны санаанд буудаг болтол утга учиртай амьдарч чадна гэдэг гайхамшиг юм шүү. Тийм ээ, Балдорж бол хувь хүн гэхээсээ илүүтэй Үзэгдэл байсан. Хийж бүтээсэн үйл, алдар гавьяатайгаа цуг он удаан жилээр бидний дунд амьдарсаар байх томоос том, тодоос тод Үзэгдэл.
Ц.Балдорж “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сониныг 1996 онд үүсгэн байгуулсан. 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Бэлтгэсэн Б.Галаарид