2019 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүү бөх Э.Оюунболд допинг буюу сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол баталсан юм. Харин Э.Оюунболд дээрх тогтоолыг эсэргүүцэж, Захиргааны хэргийн гурван шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч бүгдэд нь "өвдөг шороодсон" билээ.
Өнөөдрийг шийдэгдээгүй байсан дээрх допингийн асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэг тавьсан гэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгч зарлиг гарч, Э.Оюунболдын аварга цолыг хураан авахаар болсон байна.
Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюулболдод унасан Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж нар цол ахих нь.