Аман дээрээ Халамжаас-Хөдөлмөрт хэмээн сүрхий уриалж байгаа ч ачир дээр ажил нь базаахгүй байгаагаа Засгийн газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өдгөө аж ахуйн нэгжүүд өдрөөс өдөрт дамжуурч, үүд хаалгаа барьж, иргэд ажилгүй болж байна.
Цар тахалгүй өмнөх жилүүдэд Засгийн газар, тэр дундаа ХНХЯ-ныхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, төчнөөн ажлын байр бий болгож, хөгшин, залуу төдөн хүнийг орлоготой залгуулна хэмээн мөрөөдлөө ярьж, мөнгө босгож ирсэн. Бүр тодорхой хэлбэл, жилийн жилд залуу, хөгшин гэлтгүй хэдэн мянган хүнийг хөдөлмөрт сургах, ажлын байраар хангах, зөвлөн туслуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг улсын төсөвт суулгаж, зарцуулсан ч өнөөдрийн байдлаар дорвитой үр дүнд хүрсэн тэр гээд нэрлэчих бодитой ажил даанч алга.
Бүр тодорхой бичье. ХНХЯ өмнөх жилүүдэд Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ хөтөлбөрүүддээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчин, залуус, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй хүн, ажил олоход хүндрэлтэй нэгэн, сургуульд хамрагдаж чадалгүй явсаар насанд хүрсэн хүмүүсийг хамруулсан гэх.
Өнөө жил дээрх төсөл хөтөлбөрүүдээ дахин хэрэгжүүлэхээр тогтоол баталжээ. Сайд нь л солигдсон болохоос өнгө ижил хөтөлбөрүүд хэрэгжүүлж, дахиад хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулж буй.
Хамгийн ойрын жишээг дурдъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өчигдөр Төрийн ордонд залуусыг цуглуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслөө жаал магтах шиг болсон. Нэрийг нь л өөрчилсөн болохоос өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн Залуусыг хөдөлмөрт сургах хөтөлбөр юм.
“Оролцоо” төслийн хүрээнд энэ онд 5000 хүнийг хөдөлмөрт бэлдэнэ. Улмаар их, дээд сургууль, МСҮТ төгссөн, төгсөөгүй 19-34 насны залуусыг нэг сарын хугацаатай вакуумжсан сургалтад хамруулж, дараа нь ажилд зуучлах аж. Нэг сарын хугацаанд залууст өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшилд сургах, эерэг харилцаа хандлагатай болгох, бие бялдрын зөв хүмүүжил олгоно. Ингээд он дуустал 5000 залууг сургахад 11.8 тэрбум төгрөг зарцуулах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ талаар “Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгана” хэмээн мэдээлэл өгч байв.
Үүнээс гадна ХНХЯ-наас өнөө жил хэрэгжүүлэх Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрөө баталжээ. Үүний хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны гишүүд, сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд, хорихоос суллагдсан иргэн, асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаанд ажил хайгаад олоогүй хүмүүсээ бас л баахан сургалтад хамруулахаар багагүй төсөв мөнгө төлөвлөсөн харагдсан.
Харин олон нийт эл бүхнийг дэмжихгүйгээ эхнээсээ илэрхийлж байна, А.Ариунзаяа сайд аа. Тухайлбал, Сонгино хайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Э.Батмөнх манай редакц руу утастаж “Дөрвөн жил их, дээд сургуульд сурсан, МСҮТ төгссөн хүмүүсийг нэг, хоёр сарын давтан сургалтад хамруулаад ажлын дөртэй болно, төлөвшинө гэдэг юу л бол. Сургалтад зарцуулдаг тэр их мөнгөө үйлдвэр барихад, ажлын байр бий болгоход зарцуулаасай” хэмээн үзэл бодлоо илэрхийлснийг танд уламжилъя.
Үнэн хэрэгтээ халамжаас хөдөлмөрт хэмээн аман дээрээ дуугарч байгаа ч ачир дээрээ хавтгайрсан халамж олгосон хэвээр байгаа нь хэн бүхний нүднээ ил байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрт бэлтгэх нэрийн дор залуусыг сургалтад хамруулж, илтгэл лекц уншаад ажлын байртай болно гэхэд иргэд эргэлзэж байна.
Нээрээ, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт зааснаар иргэдийг сургалтад хамруулахаас гадна ажилд зуучлахдаа нэн шаардлагатай ахуйн хэрэглээний зүйлс авах, ариун цэврийг сахиулахад зориулж тодорхой дэмжлэг үзүүлэх юм билээ. Ажилгүй иргэн нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөхөд яам оролцох юм гэнэ. Ёстой нөгөө галаа түлж чадахгүй байгаа айлд төрийнхэн очиж янданг нь хөөлж өгөөд онигоонд ордог шиг хөгийн юм болох вий дээ, А.Ариунзаяа сайд аа.