“Бар” хочоороо нэрд гарсан хулгайн анчин Хабиб Талукдерийг Бангладешийн эрх баригчид өнгөрсөн тавдугаар сарын эцсээр баривчилжээ. Өөрийнх нь хэлснээр бол тэрбээр Энэтхэг, Бангладешийн хил дээр орших Ганга мөрний орчмын ширэнгээс 70-аас цөөнгүй бар авласан гэнэ.
Энэ газрыг Сундарбан гэдэг юм байна. Эндхийн гол усанд аварга загас, матар, ой, намагт нь хортой могой, зангидсан гарын чинээ том аалз байдаг, хүнд ээлгүй гэж хэлж болохоор нутаг юм. Гэхдээ хамгийн аюултай нь хүний маханд амташсан барууд аж. Өөр газар бол энэ араатан хүнээс зугтдаг, хүн рүү дайрах нь маш ховор. Сундарбанд бол яг үүний эсрэг, барууд хүнийг хамгийн амттай зуушаа гэж үздэг, эндхийн ойд хөл тавьсан хэдэн арван хүн жил тутам амиа алдаж байдаг. Америкийн байгаль судлаач Сай Монтгомери бичсэн номдоо Сундарбанд олон удаа очсон, байгаль хамгааллын асуудлаар зөвлөхийн алба хашдаг нэгний ярианаас оруулжээ. Тэр хүн “Дэлхийн хаана ч хүнийг бар ийм олноор нь барьдаггүй. Энд байхад хэн нэгэн чамайг алах гээд байгаа мэт мэдрэмж, айдас байнга төрүүлж байдаг” гэж ярьсан байна.
Сундарбаны дархан цаазат газрын захирал байсан Кальян Чакрабартийн ярьснаас үзвэл том моторт завиар явж байсан 10 хүний араас бар хөөсөн гэнэ. Түүний мөрдлөгөөс зайлахын тулд загасчид таван удаа буудаж, нүүрс асаан шидэж, хулсан жадаар түлхэж ч үзжээ. Бар хулсан жадыг нь тасар татан хаяад байв. Завиа араатан руу залж, дайрах гэж оролдсон төдийгүй халуун ус цацаад ч бар тэднийг орхисонгүй. Түүгээр зогсохгүй завийг хөөж гүйцээд их биед нь холбосон байсан жижиг завин дээр нь үсрэн гараад иржээ. Тэндээсээ үсрээд загасчдын моторт завь дээр хүрч ирэх аюул тун ойрхон байсан тул жижиг завиа салгав. Тэгээд загасчид завиныхаа дотор өрөөнд орж бүгсэн байна. Нөгөө бар тэднийг гарч ирэхийг гурван цаг хүлээсэн аж. Салхи хөдөлж өндөр давлагаанд жижиг завь хөмөрч, том завь Матла голын хүчтэй урсгалд туугдах хүртэл бар тэвчээртэй хүлээсэн гэж байгаа. “Хэрэв бар чамайг барихаар нэгэнт шийдсэн бол барьж л таарна. Чи юу ч хийж чадахгүй, буу байгаад ч нэмэр болохгүй” гэж Кальян хэлэв.
Албан ёсны мэдээнээс үзвэл 1975-1982 онд Сундарбаны Бангладешийн хэсэгт бар жил бүр 50 орчим хүн барьж байжээ. Тэгснээ 1999 он болоход энэ тоо 25 болж буурсан байна. Энэ нь их бууруулсан тоо. Тэгээд ч ойд ажил хийхээр зөвшөөрөл авсан хүмүүсээс амиа алдсаныг нь л төрийн байгууллагууд баранд бариулсан хэмээн албан ёсоор үздэг байна. Хүн судлаач Анна Жолийн хэлсэн албан ёсны бус баримтаар баранд бариулсан хүний тоо Бангладешийн эрх баригчдын хүлээн зөвшөөрснөөс дөрөв дахин олон байж болзошгүй. Гэлээ ч энэ нутагт аж төрдөг хүмүүс ой руу явсаар. Ганцхан газар тариалан эрхэлж амьдрах хэцүү, Сундарбанд хүмүүс загас, наймаалж барьж, ногоо, жимс түүж, зэрлэг бал цуглуулна. Ширэнгэ ой сая сая хүмүүсийг тэжээх ч тэнд очиж амьдрахаар өөрийгөө сорих хүн ер байдаггүй. Загасчдын жижиг бүлгүүд сард хоёр удаа тийш явж арав хоноод буцаж ирнэ.
Бангладешийн эрх мэдэлтнүүд махчин араатнаас хамгаалах үр ашигтай арга олохыг оролдсоор ирж. 1986 оны арваннэгдүгээр сард ноорхой хувцасласан мануухайнууд Сундарбанд олныг босгоод тэдгээрийг цахилгаанд залгахад хуучин хувцаснаас хүний үнэр авсан барнууд түүн рүү дайрч цахилгаанд хүчтэй цохигдоно. Цахилгааны хүч барыг арай алчихгүй тул тэд хаширч хүн рүү дайрахаа болино гэж тооцжээ. Түүнээс гадна зэрлэг бал түүх, мод бэлтгэхээр ой руу явж буй хүмүүст нүүрний халхавч өгч, ар дагзандаа зүүхийг зөвлөсөн байна. Энэ нь хүний араас гэтэж яваа бар халхавчийг хүний нүд хэмээн андуурч, “намайг харчихлаа” хэмээн “бодоод” шууд дайрахаас болгоомжилно гэж үзсэнийх юм. Эдгээрийн үр дүн нэг жилийн дараа л тодорхой болж бар хүн барих нь хоёр дахин цөөрч, халхавчтай хүн рүү ганц ч удаа дайраагүй аж. Гэтэл нутгийн иргэд үүнд итгэхгүй байв. Сундарбанд бүхий л амьдралаа өнгөрөөсөн нэгэн “Бид нүүрний халхавч хэрэглэж, цахилгаантай мануухай хийж, зэвсэглэсэн хамгаалалт ч гаргаж үзээд нэмэр болоогүй. Чи бартай тааралдахтай зэрэг зүрх чинь айдсаар дүүрээд явчихна” гэж ярьсан байна.
Сундарбанаас холгүй амьдарч байсан Рафикул Мали гэгч 2014 онд ширэнгэ ой руу зугтжээ. Тэрбээр хууль бусаар зэвсэг хадгалсны улмаас хоригдох болсон аж. Тиймээс шоронд орсноос барын аманд орсон нь дээр гэж үзсэн байна. Тэгээд ч энэ балар ой “хүнд гарууд”-ыг олон зуун жил орогнуулсаар иржээ. Мали хүн хулгайлдаг, авлига авдаг дээрэмчдийн нэг бүлэгт элсэж оров. Гэвч ширэнгэ ойд толгой хоргодох нь тийм ч амар эд биш болох нь тэр даруй тодорхой болж. Мали гаргасан шийдвэртээ харамсах цаг ирэв. Хэзээ ч амиа алдаж болох эргэн тойрон барын дунд амь зуух гэдэг ямар байдгийг тэр төсөөлсөнгүй. Бар огт чимээ гаргахгүй ойртож ирнэ, усанд сайн сэлнэ, тэгээд завинаас хүнийг суга татаж чадна. Ойн бурхан Бонбиби хүмүүсийг аварна гэж итгэдэг ч тэр нь зэвсэглэж ирсэн хүнийг огт хайхардаггүй, зөвхөн гар хоосон хүмүүст л “тусалдаг” бололтой. Тиймээс Мали болон түүний нөхөд зөвхөн өөрсдөдөө л найдахаас аргагүй. Үнэндээ бол хүн, бар хоёр хамт байх зай тэнд байхгүй. Чухамхүү хүн, бар хоёрын аль нь вэ гэдэг амь дүйсэн зарчим л үйлчилнэ.
Барыг хүн энд маш муу аргаар ч агнана. Тухайлбал, загасчны дүрээр ой руу нэвтэрсэн хулгайн анчдын хамгийн өргөн хэрэглэдэг зэвсэг нь хор. Ийм анчид буга юм уу, зэрлэг гахайд хор өгөөд махыг нь барын зам дээр тавина.
Хулгайн анчдад өршөөл үзүүлэх шийдвэр гарсныг дуулаад Мали ойд амьдрахаа больж эрх баригчдад өөрийгөө тушаав. Гэтэл ойдоо үлдсэн хүмүүс муугүй амьдраад байв. Хуулийнхны нотолсноор хулгайн анчид барын нэг арьсыг 200-300 мянган так (170-255 мянган рубль)-аар зардаг. Так гэдэг нь тэндхийн мөнгө. Нэг бар авлаад 500 мянга хүртэл так (425 мянган рубль) олох ч боломж байдаг гэнэ. Барын нэг килограмм ясыг 65 ам.доллароор үнэлэх нь бий. Барыг агнамагцаа арьсыг нь хуулж авахаас гадна арьстай юутай хээтэй нь газар булчихдаг арга байдаг аж. Хэсэг хугацааны дараа мах нь ялзарч, задраад арьс, яс нь үлддэг гэнэ. Шөнө болохоор загасчдын завиар ойгоос гаргаж захиалагчдад зарж орхино.
Барын арьс, яс Бангаладешт тийм их эрэлттэй биш, харин Хятадад бол мөнгө хайрлахгүй авна. Тэгээд хаана ч зуучлагчгүйгээр ан, наймааны аль нь урагшаа явахгүй. “Нууц наймааны ажилд олны танил, нөлөө бүхий хүмүүс ч оролцоно. Нэрийг нь хэлчихвэл та нар итгэхгүй дээ” гэж Нидерландын их сургуулийн судлаач Абрар Ахмадад эндхийн нэг панзчин ярьжээ.
Зуун жилийн өмнө дэлхий дээр 100 мянга орчим бар байсан, одоо ердөө 4000 гаруйхан бий гэлцэнэ. Сундарбанд ч бар олж агнахад төвөгтэй болсныг хулгайн анчид ч нуулгүй хэлэх болсон байна.
1972 онд Бангладеш тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байхад тус улсын анхны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Мужибур Рахман бар агнах, арьсыг нь зарахыг бүрэн хоригложээ. Тэр үед Сундарбанд бенгалийн бар 320 орчим байж. 1980 онд тооллого явуултал Сундарбаны Бангладешт харьяалагддаг нутаг 430-450 бартай болсон байв. Орчин үеийн техник, технологи анх удаа ашиглаж 2015 онд тооллого хийв. Үүний тулд ширэнгэ ойд амьтан ойртож ирэхээр асдаг нууц дуран олныг байрлуулжээ. Тэгтэл Сундарбаны Пакистаны талд ердөө 83-130 бар буюу таамаглаж байснаас дөрөв дахин цөөн байгаа нь тодорхой болов.
Ингээд далайн дээрэмчид, хулгайн анчдад жинхэнэ дайн зарлалаа. Дээрэмчдийн эхний бүлгийг устгасан тухай мэдээлэл удалгүй олны сонорт хүрэв. Анна Жали гэдэг хүний бичсэн “Баруудын ой: Сундарбаны хүмүүс, улс төр, хүрээлэн буй орчин” номд өгүүлснээс үзвэл “Миний хувьд хууль бусаар ан хийх нь ажил биш, муу зуршил юм. Авгай, хүүхнүүд минь хорьдог ч би сард хоёр удаа ой руу явдаг. Юу хийх гэж явдаг юм бэ гэж асуувал би үнэндээ хариулж чадахгүй. Харин бие нь өвдсөн хүнийг ойд аваачвал бие нь сайжирч, нойргүй болсон хүн ойд очоод сайхан унтдагийг би мэднэ. Өөр хаана ч байхгүй нэг онцгой чанар энэ ширэнгэ ойд бий. Энэ бол ариун дагшин газар” гэжээ. 2019 онд хулгайн дөрвөн анчин цагдаа нартай буудалцаж байгаад амиа алдсан байна. Тэд бар болон далайн гахай агнасан аж. 2021 оны нэгдүгээр сард хулгайн анчдын нэгийг мэхэлж баривчилтал барын арьсыг нь 1.3 так сая (нэг сая орчим рубль)-аар авахаар амласан хүмүүстэй уулзахаар явж байв.
Цагдаа нарын явуулсан ажиллагааны үр дүнд дээрэм тонуул хийдэг хэдэн арван хүн амиа алдаж, 200 хүн сайн дураар зэвсгээ хураалган бууж өгч хариуд нь мөнгө, гар утас, эмнэлгийн тусламж авчээ. Мөн дархан цаазат газар нутгийн хэмжээг хоёр ч удаа тэлж, хууль журам зөрчигчдийг баривчлав. Эдгээр нь барыг цөөрөхөөс аварч буй арга хэмжээ юм. Хамгийн сүүлд 2019 онд тооллого хийхэд насанд хүрсэн 63, залуу дөрвөн бар, бамбар тав дуранд өртсөн нь Сундарбаны ойд 100 ам километр газарт 2.55 бар байна гэсэн үг. “Энэ бол томоохон ололт юм. Гэхдээ баярлах зүйл биш. Энэ маягаар цааш үргэлжилбэл бар байхгүй болох төдийгүй Сундарбан ч алга болно. Чухамдаа эдгээр махчин амьтад л дэлхийн хамгийн өтгөн ширэнгэн ойг хамгаалж байдаг аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант