Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн өргөтгөл буюу цэцэрлэгийн ангиуд бүхий хоёр давхар, 280 хүүхдийн багтаамжтай цогцолборын хана, тааз цуурч, шал нь цөмөрсөн тул тухайн байгууламжийг хамгаалалтад авч, хүн оруулахгүй байгаа юм. Цогцолбор барих ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн “Урагшлах” ХХК-ийнхныг газар дээр нь дуудаж аваачаад байгаа ч асуудлыг шийдэх тухайд хоёр тал өөр өөр байр суурьтай хэвээр аж. Тус компанийнхан нурсан, цөмөрсөн хэсгүүдийг хэсэгчлэн засна, 14 хоногт амжуулна гэж буй бол тус аймгийнхан, тэр дундаа Боловсрол, соёлын газраас барилгыг бүхэлд нь иж бүрэн засуулна, эс бөгөөс шинээр бариулах хүсэлтэй юм байна.
“Орон нутгийн төсвийн 2.1 тэрбум төгрөгийг зарцуулан барьж, 2017 онд ашиглалтад оруулсан барилга өдгөө ийнхүү ашиглах аргагүй байгаад уг компанийг буруутгахаас өөр хэнийг гэх билээ. Гэтэл “Урагшлах” ХХК-ийнхан “Хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Нурсан шалтгааныг тогтоолгоно. Эхний ээлжид нурсан, суусан, цөмөрсөн хэсгүүдийг хэсэгчилж засна” гэж буй юм байна. Ингэж хэлж байна гэдэг нь саяхан нураасан “Андлалын” хэмээх хөшөөг бариад, нураасан нөхдийн адил давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хана нурж, тааз нь цөмөрчээ гэж хэлүүлэхээр бэлтгэж байна уу гэлтэй.
Тэгвэл мэргэжлийн хяналтын байцаагч ямар дүгнэлт гаргасныг харъя. Тэрбээр сургуулийн захиралд хаягласан албан тоотдоо “Тус сургуулийн хичээлийн II байрны барилгын эвдрэл гэмтлийн байдалд дүгнэлт гаргахаар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тавдугаар зүйлийг баримтлан Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хууль, эдгээртэй дүйцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан норм, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 2021 оны есдүгээр сарын 3-нд газар дээр нь үзлэг, шалгалт хийж, холбогдох баримт бичиг, зураг төсөлтэй танилцлаа. Хяналт, шалгалтыг сургуулийн захирал Н.Алтанзаяа, аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны захиалагчийн инженер Б.Оюунсан, зохиогч Д.Ганзориг нарыг байлцуулан хийлээ. Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн II байр (280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор)-ын барилга нь “Хатанбаатар” ХХК-д 2013 онд боловсруулсан зураг төслөөр тэнхлэгээрээ 36:36 метрийн хэмжээтэй, цутгамал төмөр бетон, аяган болон шугаман суурьтай, багана дам нуруу, хучилттай, хавтгай дээвэртэй, хоёр давхартай байхаар төлөвлөсний дагуу “Урагшлах” ХХК 2016 онд барьж, тухайн оны арванхоёрдугаар сарын 19-нд Улсын комиссоор хүлээлгэн өгсөн. Мэргэжлийн хяналтын газраас агшиглагч байгууллагын албан хүсэлтээр барилгын техникийн чиглэлд хяналт хийж, ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийн талаар 2018 оны хоёрдугаар сарын 27-нд хоёр янзын албан тоотын хүрээнд дүгнэлт гаргаж өгсөн боловч өнөөдрийн байдлаар хэрэгжилт хангалтгүй байна. Сургуулийн барилгын ашиглалтын байдлыг газар дээр нь үзэхэд нэгдүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см-ийн тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн, цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүсгэсэн, барилгын аяган суурийг хийхдээ 1.5-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж, тэгшлэн суурь цутгахдаа алдаа гаргасан” гэх зэргээр дүгнэжээ.
“Урагшлах” ХХК-ийнхан болохоор сургуулийн барилгад гарсан эвдрэлийг энэ сарын 2-3-нд шилжих шөнө орсон усархаг борооноос үүдэлтэй, барилгын ажил гүйцэтгэгчдээс хамаарахгүй “золгүй явдал” гэх маягаар тайлбарлах гэж оролдож байгаа талаар тус аймгийн Боловсрол, соёлын газрынхан ярьж байлаа. Үнэхээр борооноос болсон бол ёстой л “Андлал”-ын туршлагаар давагдашгүй хүчин зүйлийн ангилалд хамруулан, хариуцлага хүлээх хүн, байгууллагагүй болгон хувиргаж болохоор, чадах ч юм шиг. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагынхан дүгнэлтдээ дурдсаныг аваад үзсэн ч, мөн одоогоос хоёр жилийн өмнө барилгад бага хэмжээний цууралт үүссэн тул гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар хийсэн түүх байгаагаас харахад “Урагшлах”-ынхан өөдлөхгүй ажил хийсэн юм биш биз гэсэн хар төрөхөөр байна.
Ямартай ч одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн бүхэл бүтэн цогцолборын барилга ийнхүү ашиглах аргагүй болсон. Сурагчдыг сургуулийн үндсэн корпуст танхим, цахим хосолсон байдлаар хичээлүүлэн зохицуулж буй бол цэцэрлэгийн хүүхдүүдийг анхдагч барилгад нь “чихжээ”.
Хөвсгөл аймгийн “уугуул” “Урагшлах” ХХК-ийнхан цогцолборын барилгыг шинээр барьж өгч, захиалагч, ашиглагчдаас уучлалт гуйх нь уу. Эс бөгөөс хуулийн байгууллагаас нэмж хариуцлага тооцох болов уу хэмээн олон нийт харж буй. Яагаад хуулийн байгууллагын тухай дурдсан бэ гэвэл одоогоос хоёр жилийн өмнө сургуулийн барилгад бага хэмжээний цууралт үүсэхэд тус компанийнхан засаж өгөхгүй байсан тул Орхоныхон асуудлыг шүүхээр шийдүүлсэн юм билээ. Ийм “хар” түүх байна.
“Хариуцлагагүй, чадамжгүй компаниудыг тендерт ялуулдгаа хэзээ болих вэ. Авлига цэцэглэсний илрэл. Үр хүүх дийнхээ сургууль, цэцэрлэгийг бариулах компанийг хүртэл сонгон шалгаруулахдаа сэтгэлгүй хайнга хандана, түүнийг нь авлигад идэгдсэн комисс хүлээж авна. Хэдий болтол ийм байх юм бэ. Улсын мөнгөөр тоглоод зогсохгүй хүний амь насанд заналхийлсэн хэрэг байна. Барилга байгууламжид мэргэжлийн хяналт бус, “Чанар, хяналт, стандарт” хэрэгтэй байна. Барилга барих үйл явцыг хянах хэрэгтэй шүү дээ. Байгалийн наад захын үзэгдлийг тэсвэрлэх чадваргүй ийм барилга барьсан нөхдийг яах ёстой вэ. Шинээр дахин бариул. Улсын комиссынхон ийм барилгуудыг хүлээж авсаар байх юм аа. Ийм чанар муутай юмнууд нь хэзээ нурж унан, хэдэн хүний аминд хүрсний дараа ухаарах юм бол. Тендер гэдэг хэд дамжуулан цавчдаг луйврыг болиулах сан. Хүүхдийн сурах орчинд ингэж хандаж байгаа хүмүүс бусдад яаж буруу гараар үйлчилдэг болох нь ойлгомжтой” гэж Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Урагшлах” ХХК барьж, ашиглалтад өгснөөс хойш дөрвөн жилийн дараа ангиудын хана, тааз цуурч, шал нь цөмөрсөн тухай мэдээлэл авсан хүмүүс ийнхүү сэтгэгдлээ хэлэв. Санаа бодлоо илэрхийлэв.