Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг Дээд шүүх өчигдөр ажлын цаг дуустал хүлээн авлаа. УИХ-д нэрийг нь оруулах нэг хүнийг тодруулах гэж сүүлийн таван сарын хугацаанд гурав дахь удаагаа хүсэлт хүлээн авч байгаа нь энэ. Харин одоо хэн нэгнийг нь шалгаруулах болов уу.
Цэцийн есөн гишүүнийг Дээд шүүх, Ерөнхийлөгч, УИХ-аас гурав гурваар нь санал болгосноор парламент томилдог. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэднийг санал болгосон Дээд шүүх дараагийн хүмүүсийнхээ эрэлд өнгөрсөн гуравдугаар сараас гарсан юм. Тухайн сардаа багтаж Ш.Цогтоогийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон ч Д.Солонгын халааг авах нэгнийг тодруулах гэж өнөөдөртэй золгов.
Тухайн үед яагаад Ш.Цогтоог гэж, Д.Солонгыг түрүүлээд “явуулж” болох байсан шүү дээ гэх хэл ам бишгүй гарсан. Учир нь Д.Солонго гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй, эсэх талаарх маргааныг хариуцан ажиллаж байсан юм.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гурван ч мэдээллийг иргэд Цэцэд ирүүлсэн бөгөөд тэдгээрийг гишүүн Д.Солонгод хуваарилсан. Харин Ш.Цогтоо нь Цэцийн гишүүний хувьд гаргасан шийдвэрээрээ өмнөх Ерөнхийлөгчийг дэмждэг, түүний талд ажилладаг гэх дүгнэлт хийх хүн ч цөөнгүй байлаа. Тодруулбал, Д.Солонгын үүсгэсэн маргааныг хүчингүй болгох шийдвэрийг Ш.Цогтоо нарын гурван гишүүн гаргасан ч зарим нь түүнийг нь албажуулахаас татгалзаж, гарын үсгээ зуралгүй “зугтсан” гэдэг. Тэгээд ч тухайн маргааныг шийдэхээс өмнө Ш.Цогтоог чөлөөлснөөр эл маргааныг намжаасан гэхэд болно. Энэ үүднээс хардвал Цэцийн эл томилгоо зохион байгуулалттай, цаашлаад томилуулах хүний нэрийг өргөн барьж буй Дээд шүүх эрх баригчдын захиалгаар ажиллаж байгаа гэх хэл амыг шууд үгүйсгэж боломгүй. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд нэр дэвших туйлын сонирхолтой байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх эрхтэй, эсэхийг сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө шийдчихсэн шүү дээ.
Тэгж яривал Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргаж, түүнийг нь УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарынх 2019 оны арванхоёрдугаар сард дуусчихсан. Зургаан жилийн хугацаатай томилогддог эл албанд тэд хэдийн жил гаруй илүү ажилласан хэрэг. Д.Солонгын хувьд тэнд нийт найман оныг үдэж, бүрэн эрхийн хугацаа нь даруй хоёр жилээр хэтрээд байна. Нэгэнт дараагийн хүнийг томилох хүртэл түүний бүрэн эрх хэвээр хадгалагдах хуультай тул яалтай билээ. Гэхдээ нэр бүхий хүмүүсийн томилолтынх нь хугацаа дуусчихаад байхад хэдэн сар ч биш, жил илүү суудалд нь “хадгалсан” Дээд шүүхэд болдогсон бол хариуцлага тооцох сон. Тэгээд ч Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ ингэж хугацаа алдаж байгаа нь анхных биш. 2017 оны зургадугаар сард Н.Чинбатыг томилоход Цэцийн гишүүн орон гарснаас хойш даруй нэг жил дөрвөн сарын дараа Дээд шүүх түүний нэрийг УИХ-д уламжилсан байдаг. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар сард Цэцийн гишүүнээс эгүүлэн татсан Ж.Амарсанаагийн оронд түүнийг томилсон юм.
Гэхдээ нэр дэвшүүлэх эрх нь Дээд шүүхийг ч санаачилга гаргадаггүй гэж шууд тэднийг буруутгах нь хэт явцуурсан хэрэг байж мэднэ. Гурван өөр байгууллага, албан тушаалтнаас санал болгосноор Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлдэг ч гишүүдийг нь томилох эрх гагцхүү УИХ, үе үеийн эрх баригчдад хадгалагдсаар ирсэн. Тиймээс ч тухай тухайн үеийн нөхцөл байдал, эрх барьж буй нөхдийн хандлага, эрх ашигт нийцүүлэн гаргасан гэх зарим шийдвэрийнх нь төлөө элдвээр цоллуулж байгаа гэхэд болно. Харин энэ удаа тус албанд горилж, нэрээ дэвшүүлсэн иргэд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал цуглуулж чадахгүй байгаа нь асуудал үүсгэх нь тэр. Дээд шүүх ерөнхий шүүгч болон 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд тэдний гуравны хоёроос доошгүй нь буюу 17 нь оролцож байж хүчинтэйд тооцно. Ингээд аливаа асуудлыг олонхын саналаар шийдэх тул багадаа есөн шүүгч тухайн нэр дэвшигчийг дэмжиж байж УИХ-д уламжлах нөхцөл үүсэх юм. Гэтэл өнгөрсөнд болсон шалгаруулалтад нийт 25 хүн нэрээ дэвшүүлсэн ч хэн нь ч нийт шүүгчийн хуралдаанаас дэмжлэг авсангүй. Тэдний дунд нэрээ нэг бус удаа дэвшүүлсэн хүн ч байна. Тухайлбал, өдгөө Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Д.Зүмбэрэллхам хоёр ч удаа нэрээ дэвшүүлжээ. Уг нь өмнөх сонгон шалгаруулалтад оролцсон, олонхын санал аваагүй хүмүүс нэрээ дахин уламжлах хэрэггүйг Дээд шүүхээс хэлж буй. Мөн зарим нь нэрээ татаж, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр бүртгүүлж чадаагүй аж. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго улиран ажиллахаар уг сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлсэн байна. Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүнээ яагаад танилцуулахгүй байгааг УИХ-ын зүгээс удаа дараа лавлаж байгаа ч Дээд шүүхийнхэн сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу хийж буй гэхээс өөрийг хэлсэнгүй. Дээд шүүхийнхний тавьж буй шалгуурыг хангах хүмүүс гарахгүй байна уу, эсвэл шүүгчид хатуу бөгөөд хараат байдлаар ажиллаад байна уу гэж хардахад хүрснээ нуух юун. Цэцийн гишүүнд тавигддаг хамгийн гол шалгуур болон хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байгаа, эсэхийг нэр дэвшигчдээс хэрхэн харж, шинжиж байгаа нь сонирхол татаж байна.
Юутай ч өмнө нь дээр дурдсан субъектүүдын аль нь ч ингэж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй учраас ийн хугацаа “идэж” байж болох. Өмнө нь эрх барьж байгаа нам “халаас”-ныхаа хэн нэгнийг, үеэ өнгөрөөсөн улстөрчдөд өртэй юм шиг томилгоог Үндсэн хуулийн цэцэд хийж ирсэн нь нууц биш шүү дээ. Цэцийн гишүүнд санал болгох эрх бүхий байгууллагаас тухайн хүнээ УИХ-д танилцуулж, тэр нь чуулганы хуралдааны танхимд үзэгдэх үед ч хэнийг нэр дэвшүүлсэн нь ил болдог “уламжлал” бий.