Монгол Улсын иргэн бүр хүссэн сургуульдаа сурч боловсрох эрхтэй. Бас хэн нэгний өмнө хариуцлага хүлээж, эх орондоо хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Гэхдээ зарим иргэн “Би хөгжлийн бэрхшээлтэй учраас сурч чадахгүй” хэмээн өөрийгөө голж, нийгмээс тусдаа байхыг илүүд үздэг тохиолдол ч бий. Нөгөө талаас зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт багатай байдгаас ялгаварлах, дорд үзэх зэрэг хандлага түгээмэл гаргадаг. Харин дэлхий нийт нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэ эрин үед хэн ч адил тэгш сурч, хөдөлмөрлөх, амьдрах хүртээмжтэй нийгмийг бүтээж байна.
Тэгвэл манай улсын их, дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хүртээмжийг хэрхэн сайжруулж байна вэ. Тэдний сурч боловсрох эрхийг хэрхэн хангаж байгаа бол. Боловсролын үйл чилгээний хүртээмжийг сайжруулснаар ямар үр дүн гарч байгааг төрийн болон хувийн хэвшлийн хоёр сургуулиас сурвалжиллаа.
Эхлээд хувийн хэвшлийн “Мандах” их сургуульд очиж, Сургалтын албаны мэргэжилтнүүдтэй нь уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй оюутан “Мандах”-д суралцаж төгссөн гэх мэдээллийг тэд өгөв. “Тулгуур эрхтний болон хөдөлгөөний бэрхшээлтэй, сонсгол, хараа, хэл муутай оюутнууд бусдын адил сурч, мэргэжил эзэмшин, мэргэжлийнхээ дагуу амжилттай ажиллаж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээл бол бусдаас хоцрох шалтгаан огтхон ч биш гэдгийг харуулсан” гэж “Мандах”-ын хамт олон онцоллоо.
2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй долоон оюутан суралцаж, анги дэвшжээ. Тус сургуулийн удирдлага 2018 онд хичээлийн шинэ байр барихаар төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан налуу болон цахилгаан шат, ариун цэврийн өрөө, анги танхимд саадгүй нэвтрэх үүд хаалгатай байх зураг төсөл боловсруулж, түүнийгээ ч хэрэгжүүлсэн байна.
“Мандах” их сургууль 2018 онд боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO21001:2018 олон улсын стандарт нэвтрүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй оюутан хөгжүүлэх хөтөлбөрийг давхар боловсруулсан бөгөөд өдгөө хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн эл хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, ажилтнуудтай харилцах зөв хандлагыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх, туслах талаар нийт багш, ажилтан, оюутанд сургалт, семинар явуулдаг гэв. Тус сургуулийн захирал Г.Нанжид энэ талаар “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжсэнээр тэдний сурч, хөдөлмөрлөх эрхийг хангаж буй хэрэг. Энэ нь хүмүүнлэг ардчилсан нийгэмд аль ч байгууллагын анхааралдаа авч, хэрэгжүүлэх ёстой ажлын нэг гэж боддог. Тийм учраас манай хамт олон “Мандах”-ыг зорин ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх талаар дэмжихийг хичээдэг” гэлээ.
Иргэн бүр боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах нөхцөлийг тус сургууль ийнхүү бүрдүүлжээ. Тийм ч учраас 2020 оны аравдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Мандах” их сургуулийн үйл ажилла гаа болон дэд бүтцийн хүртээмжтэй байдалтай та нилцан, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Эл санамж бичгийн хүрээнд тус сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй загвар сургууль болоход чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тэгвэл улсын сургууль ийм боломж, нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэн бэ. Дээд боловсрол олгох чиглэлд салбараа манлайлдгийн хувьд МУИС хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ээлтэй орчин бүрдүүлжээ. Тус сургуулийн захирал Б.Очирхуяг юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах орчин, сургалтын бодлогоо онцлон ярьсан. Тухайлбал, 2020-2021 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-4 дүгээр курст хөгжлийн бэрхшээлтэй 115 оюутан суралцсан гэнэ. Жилийн жилд тэдэнд зориулж МУИС гадна болон дотоод орчны хүртээмжийг бага багаар сайжруулж иржээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ зун хичээлийн II байр болон төв номын сандаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд ээлтэй орчин бүрдүүлж, зарим хэсгээ тохижуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих хөтөлбөр баталсан гэнэ. Тодруулбал, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурлаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцүүлж дэмжин, захирлын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны А/568 тоот тушаалаар баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. www.student.num.edu.mn цахим хуудсанд нэвтэрснээр уг хөтөлбөртэй танилцах боломжтой юм байна. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй оюутанд зориулж цахим хуудсаа шинэчилж, мэдээллийн хүртээмжийг сайжруулжээ. Жишээ нь, сул хараатай иргэн МУИС-ийн www.num.edu.mn цахим хуудсанд нэвтэрч, баруун доод буланд нь дарснаар текст томруулах хэсгийг идэвхжүүлэх боломжтой. Тухайн иргэн харах чадвартаа тохируулан текстийн хэмжээг өөрчилж болох аж.
…“Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжсэнээр тэдний сурч, хөдөлмөрлөх эрхийг хангаж буй хэрэг. Энэ нь хүмүүнлэг ардчилсан нийгэмд аль ч байгууллагын анхааралдаа авч, хэрэгжүүлэх ёстой ажлын нэг гэж боддог. Тийм учраас манай хамт олон “Мандах”-ыг зорин ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх талаар дэмжихийг хичээдэг”…
МУИС-ийнхан жил бүрийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхантай хамтарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний ар гэрийнхэнд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал уламжлал болгон зохион байгуулдаг талаар сургуулийн удирдлага ярьсан. Энэхүү хуралд оролцож, манлайлал үзүүлсэн оюутнуудад боловсролын зээлийн үйлчилгээнд хамруулах, дотуур байранд давуу эрхтэй сонголт хийх, эрүүл мэндийн оношилгоо, сургалтад хамруулах зэрэг боломж олгодог байна.
Тус сургууль цаашид хөгжлийн бэрхшээлтэй илүү олон оюутныг сургахын тулд хичээлийн жил эхлэхээс урьтаж төлөвлөгөө гаргадаг бөгөөд үүндээ зарцуулах төсвөө ч баталдаг. Мөн багш нараа дохионы хэлний сургалтад хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцах тусгай контент бэлтгэн, ажил мэргэжил сонголтын зөвлөх үйлчилгээг ч бий болгожээ. Үүнээс гадна JTI төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутнууддаа зориулж лекц, хичээлийн агуулга, хөтөлбөрийнхөө хүртээмжийг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулсан байна. Товчхондоо, МУИС хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудтай бүх талаар хамтарч, дэмжиж ажилладаг ажээ. Түүнчлэн энэ хичээлийн жил эхлэхийн өмнө МУИС-ийн удирдлага нэг чухал зүйлийг амжуулсан нь Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хэрэгцээтэй, ном, сурах бичиг, компьютер, гарын авлага, техник хэрэгслээр цөөнгүй анги танхим, номын сангаа тохижуулжээ.
сайт