Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг илэрсэн гэдэг бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар авсан гэх мэдээлэл бий.
АТГ-аас өнгөрсөн түүнийг наймдугаар сарын 3-нд саатуулсан. Түүгээр үл барам НПГ-аас Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 5-нд хэлэлцэн 30 хоног цагдан хорих захирамж гаргаж байв.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бололтой. НПГ-аас экс даргадаа холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх саналтайгаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Хэргийн шийдвэрийг эргэн танилцуулах болно.