Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн "Гүйж яваа эмэгтэй" бэсрэг роман Amazon.com-д эрэлттэй байна. Учир нь “Гүйж яваа эмэгтэй”-г АНУ, Англид монгол хэлээр нь хэвлэж, олны хүртээл болгожээ. Францад аж төрдөг түүнтэй цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.
-Тун баяртай мэдээтэй өглөөг эхлүүлжээ. “Гүйж яваа эмэгтэй”-г өөр олон оронд хэвлэж, түгээж байгаа талаараа мэдээлэл өгөөч?
-“Гүйж яваа эмэгтэй” номыг худалдан авсан анхны захиалагч найз минь энэ ном Англид хэвлэгдсэнийг дөнгөж сая дуулгалаа. Мөн Америкаас худалдан авсан найз минь тэнд хэвлэгдсэнийг мэдэгдэв. Монгол хэлээр тус улсуудад хэвлэгдсэн анхны ном болов уу. Үнэхээр сонин агаад сайхан мэдээ боллоо. Америкийн захиалагч нар маань Америкт хэвлэснийг, Австралиас захиалбал мөн улсдаа хэвлэгдсэн номыг хүлээж авах нь ээ. Ийнхүү хүссэн улс орондоо өөрийн бүтээлүүдээ монгол хэлээрээ хэвлүүлэн түгээх боломжийг туршиж үзсэн анхны уран бүтээлч болж буйдаа маш их олзуурхаж сууна аа.
-Номыг тань дэлхийн улс орнуудад хэвлүүлэхдээ таниас зөвшөөрөл авдаг биз дээ?
-Би Amazon.com-д бүтээлээ тавьж борлуулахаас гадна байнгын худалдан авалт хийдэг бүртгэлтэй хэрэглэгч. Тиймээс тэнд бүтээгдэхүүнээ оруулах зарчмаар сая монгол кириллээр номоо оруулсан юм. Тэгэхээр би бүтээгдэхүүнээ бүртгүүлээд, үнээ тавиад борлуулдаг учраас албан ёсны зөвшөөрөлтэйгээр номууд маань хэвлэгдэж буй. Монгол хэлээр, цаасан хувилбараар нь унших хүсэлтэй хилийн чанадад байдаг хүмүүст зориулан, анх удаа монгол хэлээрээ Amazon.com дээр тавьж үзсэн минь энэ. Хүмүүс өөр өөрийн амьдардаг газраасаа захиалахад тухайн оронд нь хэвлэгдээд, гэрийнх нь хаягаар очих юм. Өөр хэл дээрх номууд минь ч уншигчдын гарт ингэж очсоор байгаа. Харин яг кирилл үсгээр буюу монгол хэлээр тавих боломж хомс байв. Саяхнаас амазон кирилл үсэг ялангуяа монгол кирилл хэвлэх боломжтой болсноор ийнхүү гадаадад байгаа монголчууддаа номоо төрөлх хэлээрээ хүргэх боломжтой болсон гэсэн үг.
-“Гүйж яваа эмэгтэй”-гээ өмнө нь өөр оронд хэвлүүлж байсан. Гэсэн ч дэлхийн өнцөг бүрд буй уншигчид тань уншихийг хүссэн бололтой.
-"Гүйж яваа эмэгтэй" номыг франц хэлтэй дэлхийн бүх орнуудад номын цахим худалдааны сүлжээгээр түгээж эхлээд байна. "Хишигт" туужийг ч ялгаагүй дэлхийн томоохон номын сүлжээ дэлгүүрүүд авч борлуулдаг.
-Уншигчид таны эл бэсрэг романыг уншаад дүрд нь уусаж их ордог. Тэр яасан бол, энэ яачихав гээд л сэтгэгдэл их бичсэн харагддаг. Залууст өөртөө итгэх итгэл, эрч хүч өгсөн зохиол гэж боддог. Дүр бүхэн нь бодит уу.
-"Гүйж яваа эмэгтэй" романы бүр дүр бодит биш ээ. Зохиомол дүрүүд нэлээд бий. Тухайн үедээ зохиогоод биччихлээ гэж бодсон дүрүүд амьдрал дээр үнэхээр байдаг хүмүүс болохыг хожим мэдсэн тохиолдлууд ч бас гардаг. Энэ номын эргэн тойронд өрнөж байгаа бүхэн үлгэр шиг хачин сонин зүйл ихтэй шүү.
-"Хишигт" туужаа өмнө нь бас гадаадад хэвлүүлж байсан. Энэ бас л бодит явдлаас сэдэвлэсэн зохиол. Таны туужийг анх уншаад их өрөвдсөн санагдана. Өөр зохиолоо хэвлүүлэх төлөвлөгөө бий юү?
-Өөрийн бүтээлүүдээ гадаадад байгаа монголчууддаа хүргэх үүднээс дээрх жишгээр цувуулаад оруулъя гэж бодож байна. Ер нь номуудаа англи, герман хэлээр хэвлүүлэх яриа тохирооны ажлууд хийж эхэлсэн.
-"Хишигт", "Гүйж яваа эмэгтэй" 2-оо дахиж хэвлүүлэх үү?
-Сэтгэлгээний төрлөөр бичсэн бүхий л түүврээ багтаасан "Болор өгүүллэгүүд" түүврээ өнгөрсөн жил хэвлүүлсэн. Дахиж богино өгүүллэг бичихгүй гэж шийдсэн тул энэ номоо түгээх тал дээр анхаарч байгаа.