Ливийн удирдагч М.Каддафийн цэргүүд Триполи дахь Их Британи, Италийн дипломат төлөөлөгчийн газар руу дайрчээ. НҮБ болсон явдлын дараа өөрийн ажилтнуудаа тус улсаас гаргаж эхэлсэн тухай BBC мэдээлэв.
Италийн Элчин сайдын яамны дэргэд бөмбөг дэлбэлсэн цэргүүд М.Каддафийн хүү, ач нарын үхэлд НАТО-гийнхныг буруутгаж, “Өшөөгөө авч байна” хэмээн мэдэгджээ.
Их Британи, Италийн Элчин сайдын яамдын дийлэнх ажилтан олон улсын цэргийн хүчнийхэн Ливи рүү орохоос өмнө эх орондоо буцсан юм.
Одоо дипломат төлөөлөгчийн газарт цөөн ажилтан байгаа гэнэ. Үүний хариуд Их Британийн Гадаад хэргийн яам Лондонд суугаа Ливийн Элчин сайдыг тус улсаас гарахыг шаардсан байна.
Элчин сайд 24 цагийн дотор Их Британийн нутаг дэвсгэрээс гарах ёстой аж.