Ливийн удирдагч М.Каддафийн хүү Саифа аль-Арабын гэрийг НАТО-гийн цэргүүд бөмбөгдсөн тухай АР мэдээлжээ. Бөмб өгдөлтийн үеэр Саифа аль-Араб болон түүний гурван хүүхэд амиа алдсан гэнэ. Тус улсын Засгийн газрын тэргүүн Мусса Ибрагимийн мэдэгдэж буйгаар бөмбөг дэлбэрэх үед М.Каддафи эхнэртэйгээ тэнд байсан бөгөөд тэд ямар нэгэн гэмтэл аваагүй байна.
“Саиф аль-Арабын гэрийг бөмбөгдсөн нь М.Каддафийг устгах гэсэн төлөвлөгөө байсан” хэмээн тэрбээр онцолжээ. 29 настай Саиф аль-Араб Ливийн удирдагчийн бага хүү бөгөөд улс төрийн хэрэгт төдийлэн оролцдоггүй нэгэн байжээ. ХБНГУ-д суралцдаг байсан тэрбээр сөрөг хүчнийхнийг дэмжсэн гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарч байсан юм.
Өнгөрсөн ням гаригт тус улсын телевизээр мэдэгдэл хийсэн М.Каддафи НАТО-гийнхнаас агаарын давшилтаа зогсоохыг хүсэж, хэлэлцээр хийхийг санал болгосон билээ. Харин НАТО энэ саналыг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, босогчид руу гал нээхээ зогсоохыг хариуд нь шаарджээ.