Мальдивын нийслэл Малид өнгөрсөн бямба гаригт эрх баригчдын эсрэг жагсаал болсон тухай АР мэдээллээ. Тус улсын цагдаа нар улсын өмчид халдсан хэмээн 10 гаруй хүнийг баривчилж, бороохой, нулимс асгаруулагч хэрэглэн жагсагчдыг хүчээр тараасан байна.
Эрх баригчдын мэдээлж буйгаар жагсаалд оролцсон хүмүүс хууль сахиулагчид руу чулуу мод шидэн, ойролцоох байшин барилгын цонхыг хагалсан тул хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй гэнэ. Цуглаанд таван мянган хүн оролцжээ.
Тэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, ажилгүйдэл зэрэг нийгмийн асуудлыг хурдан хугацаанд шийдэхийг эрх баригчдаас хүсэж байгаа аж. Түүнчлэн 2008 онд сонгогдсон Ерөнхийлөгч Мохамед Нашидыг огцруулахыг шаардсан юм.
Х.ОДОН