Умард Америкт амьдардаг хамгийн аюултай шавьжнуудын нэг болох хүрэн даяанч хэмээх аалз олширч байгаа нь америкчуудыг түгшээж байна. Хүүхэд, эсвэл дархлаа султай хүмүүсийг нэг хазаад л үхүүлж чадах энэ аалз цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан үржиж байна хэмээн биологчид үзэж байгаа юм.
Небраска, Миннесота, Висконсин, Мичиган, Өмнөд Дакота, Огайо болон Пенсильванийн оршин суугчид алуурчин аалзнаас сэргийлэх арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүссэн тухай АР мэдээллээ. Мичиганы их сургуулийн дэргэдэх амьтан судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Эрик Соп “Хүрэн даяанч ямар ч нөхцөлд амьдарч чадна. Түүнд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Учир нь аалзны хор хүний биеэс хурдан гадагшилдаггүй. Тэр ч бүү хэл хорт хавдрын эс үүсэх нөхцөл бий болгоно” гэжээ. “Шавьж асар хурдтайгаар үржиж байгаа нь түгшүүрийн дохио. Аалзыг устгах хор, эсвэл хазуулсан тохиолдолд хэрэглэх эм тариа гаргаж авах нь мэргэжилтнүүдийн “шүдний өвчин” болоод байна” гэж тэрбээр онцолжээ.