Ливийн тэргүүн М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэж буй Шилжилтийн үндэсний зөвлөлд Кувейтийн эрх баригчид 50 сая динар буюу 180 сая ам.доллар өгчээ. Сөрөг хүчнийхний тэргүүн Мустафа Абдель Жалил Кувейтийн эмир Сабах аль-Сабахтай уулзсаныхаа дараа энэ талаар мэдэгдсэн байна.
“Энэ мөнгийг дайтаж буй хүмүүст цалин маягаар олгоно. Тэд ч ажиллаж байгаа шүү дээ. Гагцхүү тэдний ажил амь өрссөн, эрсдэлтэй. Эрх чөлөөний төлөөх тэмцэлд амиа алдсан ливичүүдийн ар гэрт бид тусална” гэж тэрбээр хэлжээ. Кувейтийн Засгийн газар Ливийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн аж. Харин Шилжилтийн үндэсний зөвлөлийг эрх баригч хүчин хэмээн хүлээн зөвшөөрөхөөс кувейтчүүд түдгэлзэж байгаа юм.
Сөрөг хүчнийхнийг одоогоор Франц, Гамби, Итали, Катар улс албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Түүгээр ч зогсохгүй М.Каддафийн гэр бүлийнхний дансны гүйлгээг зогсоох талаар Францын тал хэлэлцэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Триполийн ойролцоо орших М.Каддафийн өргөөг бөмбөгдөх үед 45 хүн нас барсан тухай АР мэдээллээ. Амь үрэгдэгсдийн дотор М.Каддафи байсан хэмээн Ливийн сөрөг хүчнийхэн мэдэгджээ.