Австралийн Сиднейд виз хүссэн цагаачид үймээн дэгдээжээ. Виллавуд дахь цагаачдын байранд амьдарч байсан тэдгээр иргэн өнгөрсөн пүрэв гаригийн шөнө байшингийн дээвэр дээр гарч хашгиран, сав суулга нүдэж эхэлсэн байна.
Тэд байрны ажилчид руу дайрч, байшинд гал тавьжээ. Энэ үеэр гал тогооны өрөөнд байсан хийн зуух дэлбэрсэн байна. Хэргийн газарт одоогийн байдлаар цагдаа, гал түймэртэй тэмцэх албаныхан ажиллаж байгаа юм.
Австралийн цагаачлалын сайд Крис Бовэн “Үймээн дэгдээсэн хүмүүст виз олгохгүй. Үймээний үеэр хоёр, гурван сая долларын хохирол учирсан.
Тэдэнд эрүү үүсгэж ч болзошгүй” гэсэн байна. 1950-иад онд баригдсан энэ байранд одоогийн байдлаар 451 хүн амьдардаг аж.