Туркийн гурван хотод курдүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “Франс-Пресс” мэдээлжээ. Удахгүй болох Парламентын сонгуульд нэр дэвшихийг хүссэн зургаан курдийг Сонгуулийн комисс бүртгэхээс татгалзсаныг тэд эсэргүүцэж байгаа юм.
Диярбакыр хотод болсон цуглаанд ойролцоогоор 3000 хүн оролцсон бөгөөд цагдаа нар жагсагчид руу усан буу, нулимс асгаруулагч хэрэглэн дайрсан байна. Цуглааныг зохион байгуулсан байж магадгүй таван хүнийг тэд баривчилжээ. Ван хотод жагсагчид банк, захиргааны байрыг шатаах гэж оролдсон аж.
Истанбулд харин жагсаал тайван болж, ямар нэгэн үймээн гараагүй байна. Курдүүд “Парламентын сонгуульд бид оролцох эрхтэй. Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг” хэмээн үзэж буй аж.
Х.ЧИМЭГ