Ойрхи Дорнод, Умард Африкт газар авч буй улс төрийн тогтворгүй байдал, дайн тулаанаас дайжсан иргэд Италиар дамжин Европ руу цагаачилсаар байна. Тухайлбал, Тунисээс ирж буй хууль бус цагаачдын тоо улам нэмэгдэж байгаа аж. Францын Засгийн газар Итали улстай түр хугацаагаар хилээ хаах тухай хэлэлцэж эхэлжээ.
Европын холбооны Дотоод хэргийн комиссар Сесилиа Мальмстремийн мэдэгдсэнээр Франц энэ долоо хоногоос эхлэн Италиас автобусаар ирж буй иргэдийн бичиг баримтыг нэгбүрчлэн шалгаж, мөн галт тэрэгнийхээ чиглэлийг түр хугацаагаар цуцалсан байна.
Өнгөрсөн ням гаригт Италийн Вентимилье хотод цагаачдын эрх ашгийг хамгаалах жагсаал болж, Европын орнуудаас тусламж хүссэн билээ. “Энэ жагсаалд оролцсон хүмүүс олон нийтийн хэв журам зөрчсөн. Тэд Францад ирвэл ийм цуглаан дахин зохион байгуулж болзошгүй. Тэгээд ч цагаачдыг олноор нь хүлээн авах бололцоо бидэнд байхгүй” хэмээн Францын эрх баригчид мэдэгджээ.
Одоогийн байдлаар Ливи, Тунисээс 60 мянга гаруй иргэн Италид ирээд байгаа гэнэ. Лампедуза аралд байрлаж буй тэдэнд түр орогнох, Шенгений бүсэд зорчих эрх өгсөн Италийн Засгийн газрыг ХБНГУ, Франц тэргүүтэй орнууд шүүмжилж байна.
Х.ЧИМЭГ