“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцож буй Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын хувцас болон дагалдах хэрэгслийг “Мишел Амазонка” компанийнхан бүтээсэн. Тэдний бүтээл олны талархлыг хүлээгээд буй билээ. Тус компанийн загвар зохион бүтээгч Ч.Янжиндулам (Мишел), Ч.Нямханд (Амазонка) нар болон гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал нартай ярилцлаа.
-Та бүхний оюуны бүтээлийг олимпод хүч, чадлаа сорьж буй тамирчид, нийт монголчууд таашааж байна. Загварын өндөр мэдрэмжтэй япончууд ч “Монголчуудын хувцас үнэхээр тансаг юм билээ” хэмээжээ. Баяр хүргэе. Хувцасны загвар, хийц, өнгийг хэрхэн бүтээсэн бэ?
Мишел: -Хувцасны шийдэл бол Зонка бид хоёрын олон жилийн эрэл хайгуул, судалгаа, туршилтын үр дүн гэж хэлж болно. Бид өнгөрсөн хугацаанд загварын олон цуврал гаргасан. Тэр бүхэн уйгагүй хийсэн судалгаа, туршилтын үр дүн юм. Монголчууд бидэнд ямар өнгийн материал зохимжтой вэ гэдгийг өөрсдийнхөө арьс, үсийг олон талаас сайтар судалснаар олж тогтоосон. Олимпод оролцох тамирчдын хувцасны загварыг сонгон шалгаруулах уралдаанд оролцохдоо цоо шинээр зохиогоогүй. Загварын санааг бараг дөрвөн жилийн өмнө гаргаад хадгалчихсан байсан. Тийм болохоор үүн дээрээ тендерт тавигдсан шаардлагуудаас тусгаж, энэ хувцсыг бэлэн болгосон гэсэн үг.
Ч.Мөнхжаргал: -Манай улс өмнөх олимпуудад тамирчдаа ямар хувцастай оролцуулж байсныг судалж, бүхий л наадмын бичлэгийг үзсэн. Тэгэхэд манайхан хоёрт нь л дээлтэй жагсаж явна билээ. Одоо үндэсний тун өвөрмөц хувцас дээлээ өмсүүлэх цаг болжээ гэж дүгнэсэн л дээ. Тийм учраас эмэгтэйчүүдэд зориулж дээл, нөмрөг, эрчүүдэд дээлэн хослол урласан.
М: -Товчхон тайлбарлахад, эмэгтэйчүүдийн хувцасны загварын санаа монгол хатны дээлээс эхтэй, эрхэмсэг зан төлөвийг илтгэсэн. Эрэгтэйчүүдийн хослолын хүрмэн дээрх хатгамлаар баатар эрсийн хуягийг төлөөлүүлсэн.
-Бүдүүлэг гэхээр асуулт тавья. 2019 онд БСШУСЯ-наас зарласан сонгон шалгаруулалтад танай компани түрүүлсэн. Сүүлийн үед аливаа тендерт танил тал, эрх мэдэлтнүүд нөлөөлдөг болсон гэсэн яриа бий. Та бүхэн материалаа өгчихөөд хэн нэгнээр “яриулсан” уу?
Ч.М: -Үгүй. Бид төслөө өгөөд үзье л гэж бодсон, “Танайх эхний шатанд шалгарлаа” гэж утасдсан. Тэгэхэд бид их баярласан. Үнэндээ бол бид ажлаа өөрсдөө л урагшлуулъя, улсын чанартай ямар нэг төсөлд оролцохгүй гэж ярилцдаг байсан юм. Тэгтэл их ажил болгож гаргасан санаагаа бодит ажил болгох гээд үзэх үү гэж хэлэлцээд тендерт оролцтол эрх авчихсан.
М: -Яамны зүгээс бидэнд “Хувцасны өнгө ямар байхыг сайтар бодолцохыг хүсье. Тамирчид цаг агаарын янз бүрийн нөхцөлд бэлтгэл сургуулилалт хийсээр байгаад царай нь нэлээд бараан болчихсон байдаг шүү” гэж сануулсан юм. Үүнийг тооцоолсон ч бидний өмнө нь сонгосон цагаан өнгө тохирохоор байсан л даа.
-Хувцсыг таашаасан хүмүүс, найз нөхөд баяр хүргэв үү?
М: -Шинэ жилээр ч юм уу, хүмүүс бие биедээ мэндчилгээ илгээхэд гар утас хэсэгтээ чичирдэг дээ, түүн шиг мессежээр зогсоо зайгүй бөмбөгдсөн (инээв).
Ч.М: -Манай компанийнхан энэ мөчийг хүртэл айдастай байлаа. Олон нийт яаж хүлээж авах бол гэхээс санаа зовж, стресстэй байсан. Би хувьдаа магтаж, муулах нь 50:50 хувийн харьцаатай байгаасай гэж бодсон юм. Тэгтэл гайгүй ээ.
Амазонка: -Би бол сэтгэл хангалуун байгаа. Таалсан нь бараг 80 хувьтай байх.
-Ажил, бүтээлийнхээ үр дүнг хараад тайвширчихсан суугаа эгч дүүс сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Танайх бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд борлуулах эрхтэй болсон гэж сонслоо. Хэзээнээс гаргах вэ?
Ч.М: -Тийм ээ. АНУ болон Европын зах зээлд брэндийн хувьд хамгаалалттай болсон. Өөрөөр хэлбэл, тэнд манай логог ашиглан, дуурайж үйлдвэрлэхгүй гэсэн үг.
А: -Бид 2019 оноос гадаад зах зээлийг зорьж, ажлаа төлөвлөсөн юм. Гэтэл цар тахлаас болоод саатаад байна.
-Энэ компанийг эгч, дүү загвар зохион бүтээгчид байгуулсан гэдгийг мэднэ. Та нар хэзээнээс гурвуул болоо вэ?
М: -Нэлээд хэдэн жил болж байна. Австралийн Үндэсний их сургуулийг төслийн менежмент мэргэжлээр төгссөн, олон улсын байгууллагад өндөр цалинтай ажил хийж байсан эгчийгээ бид хоёр урьсан юм. Эгч минь зөвшөөрсөнд маш их баярладаг. Зонка бид хоёр компани байгуулснаас цаашгүй, загвар зохиохоо мэддэг, бусад ажилдаа гар хүрч чадахгүй байдалд орсон л доо. Эгч ирээд бүхнийг зохион байгуулж, брэндээ хөгжүүлж, компаниа ч өргөжүүлсэн. Одоо манайх 30-уулаа ажиллаж байна. Загварын компанид шаардлагатай бүхий л мэргэжилтэн ажилладаг болсон. Манайх зээл авч байгаагүй, өөрсдийн бий болгосон хөрөнгийг өсгөсөөр ирлээ.
А: -Жижиг, дунд үйлдвэрийн зээл авч үзээгүй (инээв). Материал илгээж бол үзсэн. Тэгтэл дугтуйг задалсан юм уу гэмээр, анх байсан янзаараа эргэж ирсэн.
Ч.М: -Манайхан шиг юм хийх хүсэлтэй, чадвартай залуус, байгууллага маш олон. Тэднийг бизнесийн эрүүл орчин, эргэлтийн хөрөнгийн зээл зэрэг хүчин зүйлээр дэмжээд өгвөл өсөөд ирэхээр харагддаг. Гэтэл одоо бодит байдалд сонгон шалгаруулалтад материал өгсөн ч итгэл муутай, тэнцээд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн ч сэтгэлийн зовлонтой байх нь манай улсад жижиг, дунд бизнес эрхлэгчид хэрхэн үйл ажиллагаа явуулдгийн илрэл юм даа. Бас иргэд, олон нийт түүх, соёл, уламжлалаа мэддэг байх хэрэгтэй. Энэ бол захын жишээ. Тэгэхээр наанадаж улс угсаатны соёл, уламжлалын музейтэй байх ёстой. Хүүхэд, залуус бүртээ үзүүлэх, ойлгуулах шаардлага бий. Тэгэхгүй бол бүхнийг өнөөдрөөр харж, сэтгэдэг л хүмүүстэй болж гүйцэх нь. “Монгол костюмс”-ынхан өөрийн хэмжээнд судалгааны материал гаргасан байдаг. Өөр хаана, юу байдаг билээ гэхээр хэлж чадахгүй л байна.
-Угсаатны соёлын музейтэй байх гэдэг сайн санаа юм. Эгч дүүс загвар зохион бүтээгч болсон түүхийг сонсъё. Сонирхолтой байх даа.
А: -Надад Мишка эгчийн сурдаг “Урлах эрдэм” сургууль гоё санагдаад, аав, ээжийн зориуд оруулсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас гарчихсан юм. Аав, ээж ч сүүлдээ намайг хүлээн зөвшөөрсөн. Багадаа гадаа өнждөг хүүхэд байлаа. Гудамжинд өссөн гэх нь хаашаа юм, гэхдээ л гэрийн бараа харах дургүй, дураараа нөхөр байв. Охид айл гэр болж тоглож байхад би бараг л компани байгуулчихсан юм уу, яасан юм, мөнгө тоолж тоглоно. Хуруугаа шүлсдэж байгаад л навчин мөнгө тоолоод байна даа. Тэр үед дотор минь наймаа хийх ч юм уу, ер нь бүтээх гэсэн мөрөөдөл, хүсэл байсан юм шиг санагддаг. Бидэнд загварын ертөнцөд ажиллаж, хөдөлмөрлөх замыг заасан хүн бол “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал Г.Тунгалаг багш. Биднийг оюутан байхад зөвхөн загварын багш нар бүтээлээрээ өрсөлддөг “Улаанбаатарын долоо хоног” хувцас загварын наадамд оролцуулснаар Мишел эгч бид хоёр энэ урлагт бүр дурласан.
М: -Тийм ээ, үнэн. Би бол багадаа байнга даашинз зурж суудаг хүүхэд байсан. Зурагтаар “Хатан хаан Си Си” кино үзээд, гоё дэрвэгэр даашинз зураад л, манайд яагаад ийм гоё хувцас байдаггүй юм бол гэж боддог байлаа. Ганц, нэгийг оёж үзлээ. Би нийслэлийн 75 дугаар дунд сургуульд сурдаг байсан л даа. Хөдөлмөрийн хичээлдээ дуртай. Багш дээл оёхыг зааж байхад би зөрүүлээд өнөөх даашинзаа л гэнэ. Тэгсээр байгаад хүүхдүүд бүтээлээрээ өрсөлддөг “Үнсгэлжин” уралдаанд дөрвөн жил оролцсон. Аав, ээж ч сонирхлыг минь мэдэж, дэмжиж, “Урлах эрдэм” дээд сургуулийн хувцасны загвар зохион бүтээгчийн ангид орууллаа. Үүнээс өмнө би Монголын хүүхдийн ордонд гар урлалын, дараа нь загвар өмсөгчийн ангид шилжин суралцаж, төгсөж байлаа.