Москва, Минскийн метронд гарсан халдлагууд Дундад Азийн бусад орныг ч түгшээж эхэллээ. Олон нийтийн газарт бөмбөг дэлбэлэх нь ихэссэн энэ үед томоохон хотуудын захиргаа аюулаас сэрэмжлэх арга хэмжээ авч эхлэв. Узбекистаны эрх баригчид Ташкентийн метронд металл хайх төхөөрөмж суурилуулах шийдвэр гаргасан тухай “РИА Новости” мэдээллээ.
Ингэснээр гурван шугам, 29 станцтай эл метронд гэмт этгээдүүд халдлага зохион байгуулах боломжгүй болно хэмээн хууль сахиулагчид үзэж байна. Зорчигчдын гар цүнх, ачаа тээш, хувцсанд нь байгаа төмөр эдлэлүүдийг мэдрэх чадвартай энэ багажны дохиолол дуугарсан үед станцад байгаа цагдаа, харуулын ажилтнууд зохих арга хэмжээ авах гэнэ.