Сансарт хүн анх ниссэний 50 жилийн ой тохиолоо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Оросын төв архив Юрий Гагариныг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансарт нисгэхээр хэрхэн бэлтгэж байсан хийгээд уг нислэг, үүний дараах Гагарины амьдрал, 1968 оны үхлийн нь тухай сонирхолтой хэд хэдэн баримтыг олон түмний хүртээл болгов.
Тэдгээрийг танилцуулсан Оросын сансрын агентлагийн даргын орлогч Виталий Давыдов уг нислэг амжилттай болсон нь зөвхөн баатарлаг үйлсийн үр дүн төдийгүй их аз тохиосон явдал байсан гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Тохиолдож болзошгүй таагүй асуудал үй түм байсан ч азаар муу юм ер болоогүй гэнэ. Олон түмэнд ил болгосон баримтуудаас үзвэл Гагариныг нисэж байх явцад золгүй явдал тохиолдвол түүнийг нууж хаахгүй байхаар Зөвлөлтийн удирдлага шийдсэн байжээ.
“Үүнийг нууцлахад тун төвөгтэй. Буух төхөөрөмжийг зогсооход бэлтгэж, агаар мандлын давхарга руу ороход аюул үүсч болзошгүй байсан. Ингэсэн тохиолдолд хөлөг тооцоолсон газраас хэтрээд өөр улсад ч газардаж болно. Ийм юм болбол олон түмэнд өгөх мэдээллийг бэлтгээд дээд төвшинд баталсан байжээ. Танай улсын нутаг дэвсгэр дээр сансрын нисэгч буучихаж болзошгүй шүү хэмээн энэ мэдээллээр бусдад анхаарууулах гэж байсан” хэмээн Давыдов ярьсан байна.
Гагарин эмгэнэлтэйгээр нас барсан тухай мэдээллийг ч урьдчилан бэлтгэсэн байжээ. Харин 1961 онд тэр мэдээллийг олонд сонордуулах шаардлага гарсангүй. Гэсэн ч юмыг яаж мэдэх вэ хэмээн уг мэдээллийг бэлэн болгосон байсан ч одоо олдохгүй байгаа аж. Түүнээс гадна урьдчилан харж чадаагүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд ахлах дэслэгч Гагаринд хошууч цол олгохоор “Восток” хөлөг хөөрөхөөс өмнө шийдвэрлэсэн байжээ.
Давыдовын үгээр бол Дэлхийг нэг тойроод л Гагарин нислэгээ дуусгах ёстой гэж үзэж байтал өмнө нь амьтан нисгэсний үр дүнгээс үзэхэд дөрөв дэх тойрог дээр л тэдний бие муудаж байсан аж. Тийм болохоор Гагарины нислэг сунжирч магадгүй гэж үзэж, хагас цаг нисэх түүнд нэг хоногийн хоол хүнс бэлтгэсэн гэнэ.
Дэлхийн сансрын анхны нисэгч Юрий Гагарин 1968 онд МиГ-15 онгоцоор туршилтын нислэг хийж байгаад осолд орж өөд болсон билээ. ОХУын Ерөнхийлөгчийн дэргэдэх Архивын газрын дарга Александр Степановын ярьснаар бол Юрий Гагарин, Владимир Серегин нарын жолоодож явсан онгоц нислэгийн чиглэлийг огцом өөрчлөх гэснээс болж осолджээ.
Нисэгчид үүлэрхэг орчны доод үед орчихгүйн тулд нислэгийн чиглэлээ огцом өөрчилсөн аж. Нууцлалаас гаргаж олон түмэнд сонордуулсан нэгэн баримт бичгийг (зураг дээр) сонирхуулъя.
“Ю.А.Гагаринд үзүүлэх хангамжийн тухай ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн удирдамж”
1. ЗХУ-ын сансрын анхны нисэгч Ю.А.Гага рин болон түүний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс “Волга” машин, орон сууц, тавилга хийгээд хувцас хэрэглэл олгох нь зүйтэй (хавсралт ёсоор) гэж үзсүгэй
2. Хошууч Ю.А.Гагаринд ажлынх нь ойр дөрвөн өрөө байр олгохыг Батлан хамгаалах яам (нөхөр Малиновскийд)-нд даалгасугай.
Хавсралтаас: Унтлагын, хоолны, хүүхдийн болон гал тогооны өрөөний тавилга. “Рубин” телевизор, “Люкс” радиол, угаалгын машин, хөргөгч, тоос сорогч, хивсэнцэр, төгөлдөр хуур, зургаан ээлжийн орны цагаан даавуу, хөнжил хоёр ширхэг.
Нөхөр Ю.А.Гагарины эцэг эхэд зориулж гурван өрөө байр, телевизор, радио хүлээн авагч, гурван өрөөний тавилга, Гагаринд (хувцас)-хавар намрын пальто, зуны нимгэн пальто, цув, костюм хоёр (цайвар, бараан өнгийн) ээлжийн, гутал-хоёр хос (хар, цайвар өнгөтэй).
Цагаан цамц-зургаан ширхэг, бүрх малгай-хоёр ширхэг, оймс-зургаан хос, торгон дотуур хувцас-зургаан хос, дотуур богино өмд, майк-зургаан хос, нусны алчуур-12 ширхэг, зангиа-зургаан ширхэг, савхин бээлийнэг хос, сахлын цахилгаан машин-нэг, цэргийн дүрэмт хувцас хоёр (баяр ёслолын, өдөр тутмын), чемодан-хоёр.
Гэргийд нь хавар намрын болон зуны пальто, цув, даашинз-гурав, хар өнгийн хослол, бүрх-хоёр,ээмэг, бөгжний хослол-зургаа, оймсзургаан хос, ботинк-гурван хос, цүнх-хоёр, бээлий-хоёр хос…
Г.Жаргалант