Беларусийн нийслэл Минскт метроны “Октябрьская” станцад өнгөрсөн даваа гаригийн 18.00 цагт бөмбөг дэлбэрсний улмаас 12 хүн нас барсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. Тус улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр 149 хүн шархадсанаас 26- гийнх нь бие муу байгаа гэнэ. Энэ сарын 13-нд Беларусь даяар гашуудал зарлаж, баяр ёслол хийхийг хориглосон байна. Тус хотын метроны хоёр чиглэлийг түр хугацаагаар хаасан бөгөөд харуул хамгаалалтын албаныхан нэмэлт хүч гарган иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа аж.
Амь үрэгдэгсдийн хэн болохыг хууль сахиулагчид тогтоож эхлэв. Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко хуулийн байгууллагууд, Минск хотын захиргааны ажилтнуудтай яаралтай хуралдаж, олон нийтийн газар нэмэлт хамгаалалт гаргах, амь үрэгдэгсдийн ар гэрт тусламж үзүүлэхийг үүрэг болгов. Тус улсын Дотоод хэргийн сайд Анатолий Кулешов “Халдлагыг зохион байгуулсан хийгээд алан хядах ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон, дэмжлэг үзүүлсэн этгээдүүдийг ойрын хугацаанд илрүүлж, зохих арга хэмжээ авна” хэмээсэн байна.
Түүнчлэн 2008 оны долдугаар сарын 3-нд болсон дэлбэрэлтийг мөрдөхийг холбогдох албаныханд даалгажээ. Халдлагад өртсөн хүмүүст туслах, дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлэхэд туслахаа Их Британи, ОХУ, Израилийн засаг захиргаа илэрхийллээ. Метроны платформд бөмбөг тавьсан хэмээн сэжиглэгдэж буй этгээдийн ам зургийг гаргаж, цагдаагийнханд тараасан гэх мэдээлэл байна.
Хэргийн газарт ажиллаж байгаа мэргэжилтн үүд гар аргаар хийсэн энэ бөмбөг 5-7 тротиллийн хүчтэй дэлбэрсэн, түүнчлэн бөмбөгт төмрөөр хийсэн олон тооны жижиг бөмбөлөг шигтгэсэн байсан хэмээн мэдэгдэв.
Х.ОДОНЧИМЭГ