Японы зүүн эргийн ойролцоох Хоншюд өчигдөр 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж АНУын Геологийн албанаас мэдээлэв. Энэ үеэр гарсан хохирлын талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна. Японд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 13116-д хүрлээ гэж тус улсын цагдаагийн газраас мэдээлснийг “Киодо” агентлаг өчигдөр уламжлав.
Энэ нь өнгөрсөн сарын 11-нд Японы зүүн эрэгт, энэ сарын 8-нд зүүн хойд нутгаар газар хөдөлсний дараах хохирлын дүнг нэгтгэсэн албан ёсны мэдээлэл юм байна. Гэмтэж, бэртсэн 4700 гаруй хүн бүртгэгджээ.
Хохирлын дийлэнхийг Японы Мияги, Ивада, Фүкүшима мужийн иргэд амсаад байгаа юм. Ор сураггүй бологсдын тоо 14 мянга давсан хэвээр байна. Байгалийн гамшгийн улмаас орох орон гэргүй хоцорсон 151 мянган хүн түр хоргодох байруудад амьдрах болжээ.
Өнгөрсөн баасан гаригт болсон газар хөдлөлтийн чичиргээнд атомын “Онагава” станцад цацраг идэвхит ус шүүрснийг тогтоогоод байгаа юм.