Ливийн дотоод самууныг тогтворжуулах саналыг Африкийн холбоо гаргасныг Муаммар Каддафийн удирдаж буй Ливийн Засгийн газар хүлээн авчээ. Энэ тухай ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума мэдэгдсэнийг Франс Пресст өчигдөр мэдээллээ. Африкийн холбооны төлөөлөгчид Ливийн удирдагчтай уржигдар Триполид хэлэлцээ хийхдээ чухам ямар санал тавьсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.
Ж.Зумагийн хэлснээр бол, Африкийн холбооны төлөөлөгчид Бенгазийн босогчидтой ч мөн уулзах аж. М.Каддафийн талыг баримтлагчид Ливийн Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан тухайгаа өнгөрсөн ням гаригт зарласан. Гэвч тэдний төслийг баталлаа гэхэд энэ улс ямар засаглалтай болох, одоогоор төрийн ямар нэгэн алба хашдаггүй Муаммар Каддафи ямар эрх мэдэл горилж байгаа талаар юу ч мэдэгдээгүй байна.
М.Каддафийг эсэргүүцэгчдийн байгуулсан Үндэсний түр зөвлөл түүнийг болон гэр бүлийн гишүүдийг нь Засгийн газраас огцрохыг шаардсаар байгаа. АНУ-ын зүгээс Ливийн сөргөлдөгч талуудад яаралтай гал зогсоохыг уриалаад, М.Каддафид засгийн эрх мэдлээс татгалзаж, Африкийн холбооны хүндэт төлөөлөгчийн суудалд очихыг санал болгож байгаа юм.
Вашингтоны төсөөллөөр бол, одоогийн Ерөнхий сайд Багдад Али альМахумуд болон сөрөг хүчний лидерүүд Ливийг удирдах ёстой аж. АНУ-ын санал М.Каддафийн талынханд ч, босогчдод ч таалагдахгүй байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгүүлжээ.
Б.ЭНХЦЭЦЭГ