Америкийн засаг захиргаа 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчдын хэргийг нотлох баримтыг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр нь авч хэлэлцлээ гэж өчигдөр Франс Пресс агентлаг мэдээлэв. Алан хядлагыг зохион байгуулагчдын хэргийг АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн байна. Террористуудыг АНУын иргэний шүүхэд бус, Гуантанамо бааз дахь цэргийн шүүхэд шүүхээр болжээ.
Халид Шейх Мохаммед, Рамзи Биналшибх, Али Абд аль-Азиз Али, Валлид бин Атташ болон Мустафа аль-Хавсави нарын таван хүнийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хэмээн тооцож байна. 9/11 хэмээн нэршсэн энэхүү гэмт хэргийг үйлдэх анхны санаачилгыг сэдэхээс эхлээд гүйцэтгэж дуусах хүртэлх бүхий л үйл явцыг Шейх Мохамед удирджээ.
Тэрбээр АНУ-д алан хядлага явуулахаар анх 1999 онд сэдэж, “Аль Каида”-гийн Осама бин Ладенд иргэний агаарын тээврийн онгоцнуудыг ашиглах санал тавьж байж. Халдлага үйлдэгсдийн утсаар ярьсан бичлэг, банкаар мөнгө гуйвуулж байсан болон виз хүссэн баримт бичгүүд хавтаст хэрэгт бүрджээ.
Түүнчлэн онгоц жолоодох хүмүүсийг хэдийд, хаанаас олсон, тэднийг Али Абд аль-Азиз Али хэрхэн бэлтгэсэн тухай баримтууд бүртгэгдсэн байна.
Халдлагыг санхүүжүүлсэн гол хүн Мустафа аль-Хавсави болж байна. 9/11-ийн алан хядах үйл ажиллагааг зохион байгуулагч таван этгээдийг одоо Пакистан улсад хорьж байгаа бөгөөд шүүх гэм буруутайг нь нотолбол тэднийг цаазын ял хүлээх магадлалтай.