Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский, түүний гэргий болон тус улсын дээд албан тушаалын төлөөлөгчдийн сууж явсан онгоц Ту-154 онгоц ОХУ-ын Смоленскт осолдсоны нэг жилийн ойд эмгэнэл илэрхийлэх ёслол өчигдөр тус улсад боллоо. Варшавын цагаар өчигдөр 08.41 цагт дохио хангинаж, нэг жилийн өмнө осол болсон тэр мөчийг гашуудан дурсав.
Ёслолд Польшийн одоогийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский, Ерөнхий сайд Дональд Туск хүрэлцэн ирж эмгэнэл илэрхийлсэн байна. Варшавт эмгэнэл илэрхийлэхээр цуглагсад ослын шалтгааныг тодруулах ажлын явцад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн Ерөнхийлөгч агсаныг оршуулсан Краков хотод “Gazeta Polska” сонины газраас эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.
Тус сонины газар уржигдар Варшав дахь ОХУ-ын ЭСЯ-ны байрны өмнө цуглаан зохиож, Смоленскийн ослын шалтгааныг илрүүлэх ажил урагшгүй байгаад дургүйцлээ илэрхийлснийг РИА Новости мэдээлж байна. Амь үрэгдсэн Ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослава Качиньский “Польшийн одоогийн Засгийн газар энэ ослын талаар үнэнийг мэдэхийг хүсэхгүй байна” хэмээснийг “Интерфакс” уламжлав. Я.Качиньский түүнчлэн нэг жилийн өмнө болсон онгоцны ослыг түүний ахын амь насанд халдсан явдал гэж нэрлэж байгаа боловч Польшийн прокурорын газар энэ дүгнэлтийг нь үндэсгүй хэмээн үзжээ. Энэх үү ослыг эргэн дурсах албаны ёслолд тэрбээр оролцсонгүй хэмээн BBC мэдээллээ.
БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовский өнөөдөр ОХУ-д айлчилж буй бөгөөд энэ нь өмнөх Ерөнхийлөгч онгоцны ослоор таалал төгссөн ойтой давхцаж байгаа юм. Польшийн Гадаад хэргийн яамны ажилтан “Интерфакс”-т мэдээлснээр бол, Б.Коморовский ОХУ-д айлчлах хөтөлбөртөө ямар ч өөрчлөлт оруулаагүй бөгөөд осол болсон Смоленскт очихгүй гэнэ.
2010 оны дөрөвдүгээр сард Смоленскт осолдсон онгоцонд 96 хүн сууж явсны дотор Польшийн нэртэй улстөрчид, олон нийтийн болон шашны зүтгэлтнүүд, цэргийнхэн байлаа.
Тэд Катыний эмгэнэлийг эргэн дурсах ёслолд оролцохоор явж байсан. Нислэгийн бэлтгэл хангаагүй байхдаа аялалд гарсан, нисэгчдийн баг агаарт буруу шийдвэр гаргасан гэх дүгнэлт гараад байгаа боловч Орос, Польшийн талууд тус бүртээ ослын шалтгааныг нягтлах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Б.Энхцэцэг