НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу Ливид ажиллаж буй Их Британийн цэргийн хүчнийхэн Сарирын газрын тосны ордыг бөмбөгдсөн тухай “Ройтерс” мэдээлэв. Ливийн Гадаад хэргийн сайдын орлогч Халед Каимын мэдээлснээр бөмбөгдөлтийн үеэр гурван хүн нас барж, Сарир болон Газар дундын тэнгисийн боомтыг холбосон нефть дамжуулах хоолой эвдэрчээ.
Их Британийн эрх баригчид болон Ливид ажиллаж байгаа цэргийнхэн энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ М.Каддафийн цэргүүд Мисурата хот руу дахин дайрч эхэлжээ. Тэд их буу, танкаар босогчид руу гал нээсэн байна. Одоогоор босогчид тус улсын өмнөд хэсэгт орших газрын тосны орд газруудыг эзэлсэн.
М.Каддафи АНУ-ын Ерөнхийлөгчид захидал бичжээ
Ливийн удирдагч М.Каддафи АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээсэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. М.Каддафи “Ливид явуулж буй НАТО-гийн ажиллагаа бол шударга бус явдал. Хүн ам цөөнтэй улсыг хүчээр эзлэх гэсэн бодлого” гэж захидалд дурдсан байна.
Түүнчлэн ардчилсан нийгмийг танк, харвагч пуужингийн тусламжтайгаар бий болгодоггүй юм хэмээн тэрбээр онцолжээ. М.Каддафи Б.Обамаг “Манай хүү” хэмээгээд ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Х.ЧИМЭГ